Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй учир боловсролын салбарт бэлтгэл ажлаа хангаж байгааг мэдээллээ.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг дуусгана. Есдүгээр сарын нэгэн болчхоод байхад будгийн үнэр гараагүй байх зэргээр сурагчдын эрүүл мэндэд хортой нөхцөл үүсэх гээд байдаг. Тийм учраас засварын ажлыг эрт дуусгаж, бэлтгэл ажлыг хангуулна. Энэ хичээлийн шинэ жилээр бид хотхоны бага сургуулийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Нягтаршил ихтэй боловч сургуульгүй хотхонуудад хотхоны бага сургуулиудыг байгуулснаар хүүхдээ зөөдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасах юм. Түүнчлэн сурагчид гэртэйгээ ойрхон сургуульд явснаар түгжрэлд олон цаг ядрахгүй, хичээлдээ илүү анхаарах боломжтой. Сурагчдын автобусны тоог нэмж байгаа.
Харин эрүүл мэндийн салбарт нийт 23 засвар, шинэчлэлийн ажлыг хийж, зургаан барилга, байгууламж барьж байна. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, ЭХЭМҮТ ачааллаа дийлэхээ больдог. Тиймээс тус төвийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгож хөгжүүлнэ” гэв.
Өнгөрсөн хичээлийн жилд 70 гаруй автобус сурагчдыг тээвэрлэжээ.