Нигери улсын хойд хэсэгт зохион байгуулагдсан нэгдсэн хуримын ёслолоор 1,500 хос зэрэг гэрлэжээ.
Кано мужид хоёр өдөр үргэлжилсэн энэ арга хэмжээ нь санхүүгийн шалтгаанаар хуримаа хийх боломжгүй хүмүүст зориулагдсан юм байна.
Орон нутгийн захиргаа сүйт бүсгүй бүрд 200,000 найрагийн ($147) инж өгч, бас жижиг бизнес эрхлэхэд нь зориулсан дэмжлэг үзүүлжээ.
Хосуудад мөн ор, гудас, хөнжил зэрэг гэр ахуйн эд зүйлс бэлэглэсэн байна.
Хуримын өмнө хосуудыг үзлэг шинжилгээнд хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн гэнэ. Кано мужийн захирагч Абба Кабир Юсуф хоёр дахь удаагаа хосуудыг бөөнд нь гэрлүүлэх ийм арга хэмжээг зохион байгуулжээ.
Тэрбээр энэхүү арга хэмжээгээ бага орлоготой гэр бүлүүдийг дэмжих, нийгмийн тогтвортой байдлыг хангах бодлогынхоо нэг хэсэг гэж тайлбарладаг.
Хуримаа хийсэн хосуудын дунд зэвсэгт хүчирхийлэлд гэр бүлээ алдсан хүмүүс ч олон байгаа юм байна.
Нигери улсын хойд бүс нутагт сургуулийн хүүхдүүдийг системтэйгээр хулгайлж, ар гэрээс нь их хэмжээний мөнгө нэхдэг зэвсэгт бүлэглэлүүд олон байдаг. Тэдний дунд Исламын зэвсэгт бүлэглэл Боко Харам бий.
Лхагва гарагт Нигерийн засгийн газар тэдний барьцаанаас 308 хүүхдийг чөлөөлснөө зарласан юм. Тэдгээрийн 163 нь энэ оны хоёрдугаар сард Квара мужаас, бусад 145 нь хөрш Нижер мужаас хулгайлагдсан байжээ.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоригдож байх хугацаандаа тэднээс 25 хүүхэд нас барж, 12 хүүхэд Боко Харам бүлэглэлд элссэн гэнэ.
Тус зэвсэгт бүлэглэл сүүлийн 17 жилийн турш Нигерид үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд ихэвчлэн зүүн хойд нутагт халдлага үйлддэг байснаа саяхнаас төвийн бүс нутагт хүрээгээ тэлэх болжээ.
2014 онд Чибок хотын охидын сургуулиас 276 сурагчийг хулгайлсан нь Боко Харамын үйлдсэн хамгийн дуулиантай халдлага болж, дэлхий нийтийн анхаарлын төвд орж байсан юм.
Эх сурвалж: DPA