Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Японы шигшээтэй талбайд нь хоёр өдөр дараалан нөхөрсөг тоглолт хийлээ.
Японы Сага хотын сагсан бөмбөгийн ордонд “International Nippon Life Cup” гэх нэртэй нөхөрсөг тэмцээний хүрээнд хоёр улсын баг хоорондоо хоёр удаа тоглосон юм. Эхний тоглолт өчигдөр буюу Ням гарагт болоход Монголын шигшээ баг 67:65-аар буулгаж авсан. Тэгвэл хоёр дахь тоглолтод Японы баг 75:57-гоор илүүрхсэнээр хариугаа авав.
Тоглолтын эхний үеийн төгсгөлөөс эхлээд зочин баг болох Монголын шигшээ баг бага зэрэг онооны давуу байлаа. Өмнөх тоглолтод 33 оноо авсан Ш.Энхийн-Одыг энэ удаад Японы баг давхар хамгаалалтаар зогсоохоор оролдсон нь бусад тоглогчдод оноо авах боломж гаргаж ирсэн. Улмаар гуравдугаар үе өндөрлөхөд 48:54-өөр “Талын хөх чононууд” давамгайлж байв.
Ялангуяа гуравдугаар үеийн сүүлийн хэдэн минут хүртэл онооны зөрүүг 15-аар холдуулсан.
Гэхдээ талбайн эзэд шийдвэрлэх дөрөвдүгээр үед тоглолтын хэмнэлийг бүрэн гартаа оруулснаар багаа хожилд хөтөллөө. Тэд энэ үед 27 оноо авсан бол зочид ердөө гуравхан оноо бичүүллээ.
Японы шигшээ багийн холбогч Жон Харпер Жуниор 11 оноо, зургаан оновчтой дамжуулалт, долоон самбараас бөмбөг авчээ.
Японы эрэгтэй шигшээ баг нутагтаа болох Азийн наадмын өмнөхөн талбайдаа нөхөрсөг тоглолт хийсэн юм. Токиод энэ сарын 15-наас 16-нд Өмнөд Солонгосын шигшээ багтай мөн хоёр тоглолт хийхээр төлөвлөжээ. Энэ удаагийн тэмцээнд оролцсон баг тамирчид нь есдүгээр сард нээлтээ хийх Азийн наадамд оролцохоор төлөвлөж буй.
Мөн наймдугаар сарын 31-нд Катарын шигшээ багтай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий урьдчилсан шатанд өрсөлдөх хуваарьтай аж.