Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ.
Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн.
Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.
Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээж тус тэмцээнээс анхны Монгол улсын медалийг авчирсан Монгол улсын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, Голомт банкны мөнгөн гулдмай болон Gold картаар урамшууллаа.
Голомт банкны зүгээс шигшээ багийн тамирчдыг ийнхүү урамшуулж буй нь Монгол Улсад багийн спортын түүхэнд анхны удаа энэ түвшинд урамшуулсан санаачилга болоод зогсохгүй волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй баг тамирчдыг бэлтгэхэд урам зориг, хувь нэмрээ оруулж, цаашдаа илүү олон иргэд, байгууллагууд энэхүү спорт болон бусад багийн спортыг дэмжиж ажиллах түлхэц болно хэмээн найдаж байна.
Багийн спортыг дэмжигч банк