Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороо шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 24-ийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -26…-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -13…-18 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.