MEDIA MONGOLIA 2026: Сэтгүүлчид ХОУ-аар юу хийж болох вэ?

Өнөөдөр NEST Center for Journalism Innovation & Development (Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн ҮҮР төв)-өөс “Хязгаарыг эвдэж, Ирээдүйг бүтээе” уриатай “Media Mongolia 2026” чуулганыг зохион байгуулж байна.

Сэтгүүл зүйн салбар дахь хөрөнгө оруулалт, хэвлэл мэдээллийн бизнесийн чиг хандлага, нийгмийн эерэг өөрчлөлтөд хэвлэл мэдээллийн байгууллагын үзүүлж буй бодит үр нөлөө, хиймэл оюун ухааны хэрэглээ, зорилтот бүлэгт чиглэсэн сэтгүүл зүй, хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлсэн туршлага, нийтийн эрх ашгийн төлөөх медиа, бизнес ба хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа, Монголд paywall ашиглаж буй туршлага, залуу үеийн сэтгүүлчидтэй үр ашигтай ажиллах нь, хэвлэлийн эрх чөлөө, шүгэл үлээгчдийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн мэдэх эрх зэрэг олон сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд болж байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар нээлттэй ярилцлага хийж буй “Media Mongolia 2026” чуулганы үндсэн илтгэлүүд дундаас CUNY-ийн Newmark Graduate School of Journalism-ийн Сургалт хариуцсан захирал Жереми Капланы “What journalists can do with AI” илтгэлийн тэмдэглэлийг хүргэе.


Жереми Капланы илтгэл Хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг үр дүнтэй ашиглаж буй олон улсын редакцын туршлагуудыг хуваалцсан боловч гол санаа нь ХОУ-ыг туслах хэрэгсэл байдлаар ашиглах ёстойг онцолсон юм.

Орчин үеийн хэвлэл мэдээллийн байгууллагууд үргэлж математикийн асуудалтай тулгарч байна. Жижиг редакцууд том том дата сетүүдтэй ажиллах, ангилж ялгаагүй олон мянган файл, олон нийтэд зориулсан мэдээллүүдийг ухах хэрэгтэй болдог. Өгөгдлийн нийлүүлэлт ихтэй ийм цаг үед ХОУ-ыг ашигласнаар цаг хэмнэж, бүтээмж нэмэгдүүлж, хэрэглэгчидтэйгээ харилцаа холбоогоо сайжруулж буй дараах туршлага байна.

1. ХОУ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Перуд “Mongabay Latam” онлайн мэдээллийн сүлжээ Амазонд нуугдсан картелуудын байршлыг ХОУ тусламжтай илрүүлсэн нь шагнал хүртсэн бүтээлээр тодорлоо. “Earth Genome” AI driven хайлтын системийг ашиглаад сэтгүүлчид сансрын хиймэл дагуулын олон мянган зургийг скандаж, ойгүйдсэн хэсгүүдийг илрүүлснээр тэнд нууцаар байршиж байсан картелуудын байршлыг тогтоосон байна. 67 картелийг илрүүлсний 30 нь уугуул иргэдийн газар нутагт байршсан байв.

Америкийн онлайн эрэн сурвалжлах медиа “ProPublica” судлаачдад зориулсан 3400 тэтгэлгийн тайлбар, шаардлага болон түүний хүрээнд гарсан эрдэм шинжилгээний өгүүллүүд, эш татсан байдалд анализ хийгээд шинжлэх ухааны бүтээлд улс төрийн хазайлт хэрхэн орсныг илрүүлсэн нь эрэн сурвалжилсан чухал бүтээлийн тоонд багтжээ.

2. Жижиг редакцуудын бүтээмжийг нэмж байна

АНУ-ын “Michigan Radio” захиргааны ажлуудаа ХОУ-аар хийлгэж цаг хэмнэсэн байна. Олон цагийн хурлын яриа буулгах, олон нийтийн талаар сурвалжлахаар ярилцсан төлөвлөгөөний түлхүүр үгсийг сэтгүүлчдэдээ мэдээлдэг болсон нь редакц доторх харилцааг хурдасгаж, бүтээмжийг нэмэгдүүлсэн.

Шведийн “Expressen” сонин CMS (хэрэглэгчийн менежментийн систем) ажлын урсгалдаа ХОУ-г амжилттай ашиглажээ. ХОУ-аар бүтээлдээ оновчтой гарчиг өгүүлснээр хандалтын тоог эрс өсжээ.  

Швейцарын “Tamedia” медиа групп email newsletter-д зарцуулах хугацааг 80 хувиар бууруулсан байна.

Испанийн спортын сайт “Relevo”-гийн сэтгүүлчид ХОУ ашиглан код бичиж сурснаар гарчгийн сонголтоо сайжруулж, үр дүнтэй хэмжилт хийж, ТикТок хэлбэрийн homepage үүсгэснээр хэвлэлд сайтад тогтмол зочлогчдын тоо 19 хувь, хуудасны үзэлтийн тоо 26 хувиар нэмэгдсэн байна.

3. Редакцын чанарыг сайжруулахад ашиглаж байна

Аргентины “La Nacion” сонин өөрөө өөрсдийгөө тодорхой ойлгож, нийгэмд тэгш хүртээмжтэй хэвлэл болоход ХОУ-аар туслуулжээ. Жендэрийн тэгш байдлын төлөөх “Genie” төслийн хүрээнд 68 мянга орчим нийтлэлдээ ХОУ-гаар анализ хийлгэхэд нийт 138 мянган хүн тусгагдсанаас 77 хувь нь эрэгтэй, 33 хувь нь л эмэгтэй байсныг тогтоож, цаашид эх сурвалж болон мэдээний баатруудын жендэрийн тэгш байдлыг анхаарч эхэлжээ.

Индонезийн “IDN Media” групп ХОУ-г GenZ үетэй харилцаа холбоогоо сайжруулахад ашиглажээ. Бэлтгэсэн мэдээ нийтлэлээ богино, сонирхолтой 20 секундийн форматад хувиргах болсноор залуу үеийнхэнтэй илүү их харилцдаг болжээ.  

Өмнөд Африкийн “Daily Maverick” сайт нийтлэлийнхээ бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр товчилж хүргэх ажлыг ХОУ-гаар хийлгэж байна. Тэд “Summary card” бэлдүүлснээр урт нийтлэлийнхээ эхлэл хэсэгт тухайн бүтээлийн гол санаануудыг хурдтай, оновчтой багцлуулдаг болсон нь хэрэглэгчдийн цагийг хэмнэж байна.

Түүнчлэн мэдээний QUIZ, гарчиг таалгах, спортын таавар хийлгэх зэрэг сэтгүүл зүйн энтертайнмент зорилгод нийцүүлэн ашиглах хандлага түгээмэл байгааг дурдлаа. Өөрөөр хэлбэл контентын форматыг өөрчлөх, хэлбэржүүлэхэд ашиглах туршлага их байна.

Эдгээр туршлагаас:

  • ХОУ сэтгүүлчдэд датаг ангилж өгнө, харин өөрөө сурвалжил.
  • ХОУ өгөгдөл дээр ажиллана, хүн нягтална, хүн нийтэлнэ.
  • Сэтгүүлчид ХОУ-г шууд нийтлэхэд биш судлахад ашиглаж байна.
  • Баримт шалгах ажил хүний ажил хэвээрээ л байгаа.
  • ХОУ-ыг амжилттай ашигласан редакцуудын амжилтын нууц нь СУРГАЛТ юм.
  • ХОУ-г ашиглахад аюулгүй байдал чухал.
  • ХОУ-г заавал том, өргөн хүрээнд ашиглах шаардлагагүй, жижиг зүйлээс эхэлж ашиглавал зохистой.
  • Яг бодит асуудлаа шийдүүлэхэд (редакцын ажлын урсгалтай холбоотой) ашигла.
  • ХОУ-ны үүрэг бол буулгах, нэгтгэн дүгнэх, товчлох, кодчилох, скандах, хэлбэржүүлэх. Сэтгүүлчийн үүрэг бол нягтлах, баяжуулах, агуулгыг гаргах,  түүх өгүүлэх. … гэж дүгнэж байна.

Олон улсын сайн туршлагаас харахад сэтгүүлчид ХОУ-аас үнэнийг хэлээд өгөөч гэж асуугаагүй, харин өгөгдөл датаг хэлбэршүүлж ангилж өгөөч л гэж асууж байгаа гэв.

ХОУ-ы төөрөгдөл (hallucination) нийгмийг замбараагүй болгоно гэсэн айдас бий боловч бодит байдал дээр сэтгүүл зүйн үндсэн зарчим огт өөрчлөгдөөгүй гэдгийг сануулав.

Түүний илтгэл “Reuters: Ройтерсийн нийтлэл бол Ройтерсийн л нийтлэл. … редакцын стандарт хэрэгжинэ”, “NPR: Энэ бол хүний бүтээл. Бид бүх бүтээлдээ өөрсдөө хариуцлага хүлээнэ” гэсэн сэтгүүл зүйн ёс зүйн тунхгаар төгслөө.

More From Author

ХАМТДАА ӨССӨН 35 ЖИЛ

Г.Занданшатар: “Тунгалаг Тамир”-ыг уншаарай. Өвөл, зунгүй морь уралдуулж байсан. Цахиур Төмөрийн морийг Түгжил хулгайлаад, уралдуулж байсан түүхэн уламжлал бий

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн