2026 оны долоодугаар сарын 30-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар Япон Улсын Засгийн газрын 2026 оны “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-аар хэрэгжүүлэх “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн байрыг засварлах төсөл”-д 143,932 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн 632 дахь, Завхан аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байгаа юм.
“Өвсний үндэс буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг гэж Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.