SpaceX компанийн хөөргөсөн пуужингийн үлдэгдэл удахгүй саран дээр унах гэж байна

Жил гаруй хугацааны өмнө саран дээр газардах төхөөрөмж тээвэрлэн хөөргөж байсан SpaceX компанийн пуужингийн хэсэг саран дээр унах нь тодорхой болжээ.

Уг пуужингийн дээд бие ирэх Лхагва гарагт саран дээр унахдаа тогоо үүсгэж, их хэмжээний тоос босгох тооцоолол гарсан бөгөөд одон орон судлаачид, сонирхогчид энэ үйл явдлыг ажиглахаар хүлээж байна.

Нарны гэрэл тусдаг сарны хэсэгт оршдог Эйнштейний тогооны ойролцоо дууны хурднаас долоо дахин их буюу 8,700 км/цаг хурдаар унах тооцоог сансар судлалын мэргэжилтэн Билл Грэй гаргажээ.

Уг үйл явдал Лхагва гарагийн өглөө АНУ, Канадын зүүн хагас, Өмнөд Америкийн ихэнх хэсгээс хамгийн сайн харагдах гэнэ.

Энэ нь сансрын тойрог замын хог хаягдлын хэмжээ улам бүр нэмэгдэж, аюул эрсдэл өсөж байгааг харуулж байна.

SpaceX компани пуужингаа саран дээр унагана гэж төлөвлөөгүй. Мэргэжилтнүүд тус компанийг пуужингийн үлдэгдлээ нарны тойрог замд оруулж чадсан бол ийм зүйл тохиолдохгүй байсан гэж үзэж байна.

Энэ нь сарны гадаргуу дээр пуужингийн үлдэгдэл унасан хоёр дахь тохиолдол болох юм. Үүнээс өмнө 2022 онд Хятадын пуужингийн хэсэг сарны цаад талд унахдаа хоёр тогоо үүсгэж байжээ.

Харин энэ удаа сарны дэлхий рүү харсан талд гурван тонн тэсрэх бодис дэлбэрсэнтэй тэнцэх хүчтэй нөлөө үүсгэх гэж байна.

Нэг секундээс бага хугацаанд үргэлжлэх цохилтын гялбаа дэлхийгээс ажиглахад хэтэрхий бүдэг байж магадгүй ч цацагдсан тоос шорооны урсгал сансарт тархаж байгааг хэдэн арван минутын турш телескоп дурангаар харах боломжтой гэж судлаачид дүгнэжээ.

“Саран дээр татах хүч сул бөгөөд тоос шороог үлээх салхи байхгүй. Энэхүү үйл явдал бидний сонирхлыг татаж байгаа нэг шалтгаан нь үүссэн хог хаягдлын нөлөөлөл ирээдүйн сансрын нисэгчдэд хэр их аюул учруулахыг олж мэдэх юм” гэж Лос Аламос дахь үндэсний лабораторийн судлаач Бенжамин Фернандо тайлбарлаж байна.

Түүний үзэж байгаагаар үүсэх тогооны хэмжээ 27 метр өргөн, 5 метр гүн байх бөгөөд энэ нь дэлхийгээс ажиглагдахааргүй ч сансрын хөлгөөс харагдахаар байх гэнэ.

Уг уналтын өмнөх ба дараах зургийг НАСА-гийн Lunar Reconnaissnce Orbiter, Өмнөд Солонгосын Danuri хөлгүүд буулгах юм байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

More From Author

Украин улсад Patriot пуужин үйлдвэрлэх зөвшөөрөл өгөх амлалтаасаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ухрав

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцааж байрлуулна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн