Украин улсад Patriot пуужин үйлдвэрлэх зөвшөөрөл өгөх амлалтаасаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ухрав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украинд өгөхөө саяхан амлаж байсан юм.

Тэгвэл өчигдөр Кэмп Дэвид баазад болсон засгийн газрынхаа хуралдааны үеэр тэр энэ амлалтаасаа ухарсан мэдэгдэл хийжээ.

Сэтгүүлчид Трампаас амлалтаа биелүүлэхэд бэлэн байгаа эсэхийг асуухад “Бид үүн дээр санал нийлээгүй. Бид энэ талаар ярилцаж байгаа ч ийм төрлийн технологийг өгөхөд хэцүү юм байна лээ” гэж хариулсан байна.

“Ийм технологийг бусдад өгвөл хэзээ нэг цагт бидний эсрэг ашиглаж магадгүй. Ингэх боломжтойг та бүхэн мэдэж байгаа” гэж Трамп ирээдүйд учирч болох эрсдэлийг нь онцолжээ.

Ингэхдээ тэр саяхан Йордан руу харвасан таван пуужинг Patriot систем хэрхэн дэс дараалан устгасныг дүрслэн ярихдаа “бин бин бин бин” гэсэн дуу авиагаар хүч оруулсан байна.

“Өөр хэнд ч ийм хүчтэй зэвсэг байхгүй” гэж гайхуулсан Трамп тус улс дотооддоо Patriot болон Tomahawk пуужингуудыг үйлдвэрлэх үйлдвэрүүдийг олноор нэмж барихыг амлажээ.

Тэрбээр ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө Туркийн Анкара хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр Patriot пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украинд өгөхөө амлаж байсан юм.

Трамп өчигдөр ярихдаа Иран улс удахгүй дайнд бууж өгөх гэж байгааг баталсан байна.

“Тэдэнд тэнгисийн флот байхгүй, тэдэнд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг байхгүй болсон” гэж хэлсэн Трамп өөрийнх нь засаг захиргаа Вьетнам, Афганистан, Солонгосын хойгт явуулж байсан дайнуудаас хамаагүй богино хугацаанд энэ дайныг дуусгаж байгааг хэлсэн юм.

Гэхдээ шинжээчид Пентагоны зэвсгийн нөөцийн талаар өөр зүйл ярьж байгаа.

Тухайлбал Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвийн мэдээлснээр Пентагон одоо Patriot пуужингийн нөөцийнхөө гуравны хоёрыг ашиглаад байгаа гэнэ. Үүний улмаас Трампын засаг захиргаа нөөцөө сэргээхийн тулд үйлдвэрлэгч Lockheed Martin компанид $58.6 тэрбумын захиалга өгч, Конгрессоос хэдэн арван тэрбумын яаралтай санхүүжилт хүссэн байна.

Өчигдөр Трамп бас Хамасын зэвсгийг хурааж, Газын зурвасаас Израилийн цэргүүдийг гаргах түүхэн тохиролцоонд хүрснийг мэдэгдсэн ч Израилийн тал үүнийг нь хараахан баталгаажуулаагүй байна.

 

Эх сурвалж: AFP

 

More From Author

Шинэ дэвшилт холбоо байраа буулгаж, шинээр барих гэж байгаа тул С.Зориг агсны хөшөөг түр нүүлгэн шилжүүлжээ

SpaceX компанийн хөөргөсөн пуужингийн үлдэгдэл удахгүй саран дээр унах гэж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн