Иран улсыг Трамп сүрдүүлсний дараа АНУ-ын элчин сайдын яамд иргэддээ Ойрх Дорнодоос явахад бэлэн байхыг зөвлөв

Бямба гарагт Ойрх Дорнодын орнууд дахь АНУ-ын элчин сайдын яамд өөрийн иргэдэд бүс нутгийн мөргөлдөөн “урьдчилан тааварлах аргагүй хурцадмал байдалд” хүрч болзошгүйг анхааруулж, тус бүс нутгаас явахад бэлэн байхыг зөвлөжээ.

Иран улсад “маш хүчтэй цохилт өгнө” гэж ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсний дараа Бахрейн, Ирак, Израиль, Йордан, Кувейт, Ливан, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират дахь АНУ-ын элчин сайдын яамд ийм мэдэгдэл гаргасан байна.

Иран, АНУ хоёр хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш хоорондоо дайтаж байгаа. Зургаадугаар сард талууд түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч сар хүрэхгүй хугацааны дараа дахин дайтаж эхэлсэн юм.

Одоогоор уг дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Йордан дахь АНУ-ын элчин сайдын яам саяхан Ираны цохилтод өртсөн АНУ-ын цэргийн баазуудад ойртохгүй байхыг иргэддээ зөвлөсөн бол Израиль дахь элчин сайдын яам өөрт хамгийн ойр байгаа бөмбөгдөлтөөс хоргодох байрны байршлыг олж мэдэхийг зөвлөжээ.

Ираны албаныхан өчигдөр бас Вашингтоны эрх баригчид тус бүс нутагт “хурцадмал байдлыг улам хурцатгаж байна” гэж шүүмжилсэн юм.

“Гэмт хэрэгтэн, түрэмгийлэгч Америкийн хамгаалалтын бамбай болж буй аливаа улс дайны галд өртөх болно” гэж Ираны цэргийн төв командлалын дарга Али Абдоллахи төрийн телевизийн сувгаар мэдэгджээ.

Өнгөрсөн сарын сүүлээр талууд шөнө алгасалгүй харилцан агаараас довтолж байсан ч Баасангаас Бямба гарагт шилжих шөнө тайван хоносон байна.

Лхагва гарагт Египетийн боомтод зогсож байсан АНУ-ын эзэмшлийн хий тээвэрлэгч хөлөг нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас шатаж байв.

Египетийн тал одоогоор хэн уг халдлагыг үйлдсэнийг зарлаагүй байна.

Баасан гарагт далайн тээврийн хяналтын Kpler компани Ормузын хоолойгоор нэвтрэх ачааны хөлгийн тоо огцом буурсныг мэдээлж байлаа.

 

Эх сурвалж: AFP

 

More From Author

ФОТО: Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг хуучин байршилд нь буцаан тавилаа

Япон улс газар хөдлөлтийн үеэр нурсан худалдааны төвд явуулж байсан аврах ажиллагаагаа зогсоожээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн