С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах Ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Уг хуралд Хууль, Зүй Дотоод Хэргийн сайд С.Амарсайхан, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль, цаазын шадар зөвлөх М.Чинбат, хотын дарга Б.Пүрэвдагва нарын хүмүүс оролцлоо.

Хууль зүйн сайд С.Амарсайхан тус хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр “Яг хэдэн иргэн, аж ахуйн нэгж хохирсон бэ гэдгийг нарийн тогтоогоод тэр хүмүүсийн хохирлыг барагдуулах талаас нь Ажлын хэсэг хамтарч ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийгээд зах зээлийнх нь үнээр нээлттэй байдлаар дуудлага худалдаанд оруулах замаар иргэдийн хохирлыг барагдуулна.

Нийт хохирлын хэмжээ болон бусад зүйлсийг ойрын хугацаанд ангилж ялгаад Засгийн газарт танилцуулна. Мөн хохирсон иргэдийн дундаас төлөөлөл гаргаад Ажлын хэсгийн зүгээс бүх талын мэдээлэл солилцох боломжтой.

Цаашдаа ийм төрлийн залилангийн хэрэг гарахгүй байх ёстой. Үүний тулд Улсын бүртгэл дээр шинэ цахим системийг бий болгоно. Хэрвээ иргэн та байрны захиалга өгөх гэж байгаа бол эзэн нь хэн юм, аж ахуйн нэгж бол хувьцаа эзэмшигч нь хэн юм, барилгын санхүүгийн чадамж, туршлага, зөвшөөрөл нь бүрэн эсэх болон захиалгын дараа эрсдэлгүй гэх баталгаа нь юу вэ гэдгийг нэг систем дээрээс харах боломжтой. 

Бидэнд байгаа мэдээллээр шийдэгдээгүй хамгийн их удсан нь 10 жил болж байгаа хэрэг байна. Ийм байдлаар удаан үргэлжлүүлж болохгүй учраас шинэ системд бүгдийг нь бүртгээд хянаад эхэлбэл энэ төрлийн гэмт хэргийг эрс багасгана гэж үзэж байгаа. 

Мөн газар болон барилга өмчлөгчдийн маргаанаас үүдэлтэй иргэд хохирсон асуудал цөөнгүй бий. Миний газар дээр барилга барь гээд барилгаа барьчихсан хойно газрын өмчлөгч, барилга эзэмшигч хоорондоо үл ойлголцсон асуудал байна. Хоёр хүний маргааны ард 200, 300 хүн амьдралаараа хохирч байдаг. Энд яг хэн нь буруутай вэ, яаж шийдэх вэ гэдгийг Ажлын хэсгийн дараагийн хурлаар илүү тодорхой болгоно” гэв. 

More From Author

Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа

Малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт энэ оны эхний долоон сард өмнөх жилийн мөн үеэс 18% буурчээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн