Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан хүүхдийг ахуйн орчинд гэмтэж бэртэхээс сэргийлэх, ахуйн орчны аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.
Бага насны хүүхдүүдийн түлэгдэлтийн ихэнх нь гэртээ, ялангуяа гал тогоо, халуун ус, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой байдаг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүд түлэгдэлтийн хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт ордог.
Бага насны хүүхдүүд дараах зүйлд түлэгдэх эрсдэл өндөр:
- Данх, халуун устай сав, цайны халуун сав
- Плитк, зуух, шарах шүүгээ
- Индүү, үсний сэнс
- Халуун тогоо, хайруулын таваг
- Ус буцалгагч сав
- Халуун шөл, цай, хоол
- Будаа агшаагч гэх мэт
Урьдчилан сэргийлэх алхам:
- Данх, халуун хоолтой савыг ширээний захад бүү тавь
- Плиткийн бариулыг дотогш харуул
- Хоол хийж байх үед хүүхдийг гал тогоонд ганцааранг нь бүү үлдээ
- Зуух, шарах шүүгээнээс хол байхыг зааж өгөх
- Индүү, үсний сэнсийг хэрэглэсний дараа залгуураас салгах
- Халсан үед нь хүүхдийн гар хүрэх газарт бүү орхи
- Утас, залгуурыг ил задгай орхихгүй байх
Түлэгдсэн тохиолдолд яах вэ?
- Түлэгдсэн хэсгийг 15-20 минут цэвэр, хүйтэн усаар урсгах
- Шүдний оо, тос, архи түрхэхгүй
- Хөөсийг хагалахгүй
- Яаралтай эмчид үзүүлэх