Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн Дээд зиндаанд тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээн ид дундаа орлоо.

Ес дэх өдрийн дараах байдлаар качигоши буюу 50 хувийн амжилтаа үзүүлсэн эхний бөх нь Киришима Б.Лхагвасүрэн болов. Секивакэ цолтой барилдаж буй тэрбээр өчигдөр өнгөрсөн тэмцээний түрүү бөх Аонишикиг ялсан бол өнөөдөр Үраг давснаар найман даваа, нэг унаагаар тэмцээнийг ганцаараа тэргүүлж байна.

Киришимагийн хувьд украин озекиг анх удаа давсан юм. Тэд өмнө нь найман удаа таарахад бүгдэд нь Аонишики илүүрхэж байжээ.

Түүнтэй ижил долоон даваатай байсан Аби Котошоход унаснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээ рүү шилжлээ.

Харин озеки Аонишики, маэаширагийн дөрөв дэх бөх Атамифүжи, долдугаарт эрэмбэтэй Фүжинокава, 14 болон 16-д жагсаж буй Шиши, Ошоүма нар долоо дахь даваагаа авснаар тэргүүлэгчийн байр сууриа алдсангүй.

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Оносато нар хоёр өдөр дараалан унаснаар ижил зургаан даваатай тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.

Дээд зиндаанд эзэн хааны цомыг хоёр удаа хүртэж байсан Киришима Б.Лхагвасүрэн өнгөрсөн тэмцээнд 11 даваа авснаар секивакэ цолоо буцаан авсан билээ. 

зураг
 

Сонирхуулахад Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар гүнж Аикогийн хамт өчигдөр буюу Ням гарагт сүмогийн барилдаан үзсэн юм. 

Эзэн хаан Нарүхито гэр бүлийн хамт хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сарын тэмцээнийг үзэж сонирхсон аж.

More From Author

PC mall: HUAWEI Watch GT6 болон HUAWEI FreeClip 2 – Амьдралын хэмнэлд нийцсэн ухаалаг технологи

Цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн