Борооны болон гадаргын усыг хуримтлуулах цогцолбортой болбол 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлнэ гэж тооцоолжээ

Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг зөвхөн газрын доорх гүний усаар хангаж ирсэн нь нөөц шавхагдах бодит эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Мөн борооны усыг ашиглалгүй, урсган өнгөрөөж байгаа нь усны нөөцийн алдагдал, үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Энэхүү тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн нэгдүгээр шатанд боомт барих хамгийн тохиромжтой байршлыг Туул голын дээд хэсэгт, далайн түвшнээс дээш 1,352 метрийн өндөрт сонгосон нь Улаанбаатар хотод ойр, ус дамжуулах шугам сүлжээний уртыг богиносгож, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах эдийн засгийн ач холбогдолтой. Тэрчлэн уг байршил нь тусгай хамгаалалттай ой мод, зэрлэг амьтдын бүсэд нөлөөлөхгүй аж.

Мөн инженер геологийн нарийвчилсан судалгаагаар боомтын тэнхлэгийг голын урсгалд перпендикуляр байхаар тогтоосон нь лаг шаврын хуримтлалыг өөрөө цэвэрлэх байгалийн давуу орчныг бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5,569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Боомтын зүүн эрэгт ил гарсан байгалийн чулуун хэсэг, баруун эргийн гүнд тогтоогдсон хатуу хөрс нь уг байгууламжийн бат бөх, тогтвортой байдлыг бүрэн хангах геологийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзжээ. 

Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдах юм гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

More From Author

“Heyball” бильярдын Дэлхийн цомд Монголын эрэгтэй баг түрүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн