Пакистанд гарсан дуулиант аллагын хэргийн шүүх хурал өчигдөр Исламабад хотод эхэлжээ.
Энэ оны зургаадугаар сард 17 настай ТикТок инфлюнсер Сана Юсүф гэртээ бусдын гарт алагдсан нь Пакистан даяар эмэгтэйчүүдийн аюулгүй байдалтай холбоотой томоохон маргаан дэгдээсэн юм.
Олон нийтийн зарим хэсэг уг аллагыг буруушааж байхад зарим нь хохирогчийг өөрөө буруутай гэж үзэж байлаа.
Мөн ТикТок платформд олон дагагчтай 22 настай Умар Хаяат гэрлэх саналд нь удаа дараа татгалзсан Сана Юсүфийн гэрт нэвтэрч, түүнийг ойрын зайнаас буудаж хөнөөгөөд зугтсан юм.
Ингэхдээ тэр охиныг алаад зогсохгүй түүнийг гуйж байсныг нь батлах баримтыг устгахын тулд гар утсыг нь авч явсан юм байна.
Өчигдөр шүүх хурлын эхэнд Пунжаб мужийн Файзабад хотын оршин суугч Хаяат “Надад тулгасан бүх хэрэг ор үндэсгүй бөгөөд худал” гэж гэм буруутайгаа эрс няцаажээ.
Шүүх хурал есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэрчүүдийн мэдүүлгийг сонссоны дараа ялын шийдвэрийг гаргахаар төлөвлөж буйг Пакистаны хэвлэлүүд мэдээлсэн байна.
ТикТок платформд сая гаруй дагагчтай Юсүф үйлчлүүлэх дуртай кафе, арьс арчилгааны бүтээгдэхүүн, уламжлалт хувцасны тухай дүрс бичлэгүүдээ өөрийн хуудсанд нийтэлдэг байжээ.


Пакистанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг сошиал платформ ТикТок бөгөөд энэ нь бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын хэсэгт сайн хүрдэгтэй холбоотой гэдэг.
Нөгөө талаас эмэгтэйчүүдийн ердөө дөрөвний нэг хүрэхгүй хувь нь албан ёсны эдийн засгийн харилцаанд ордог энэ улсад охид бүсгүйчүүдийн бизнесийн чухал хэрэгсэл болдог байна.
Хүний эрхийн байгууллагууд Пакистаныг эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орнуудын нэг гэж үздэг.
“Нэр төрийн” гэх аллагаас гадна гэрлэх саналд татгалзсаныхаа төлөө охид бүсгүйчүүд амиа алдах явдал түгээмэл гардаг юм.
2021 онд Пакистан-Америкийн давхар иргэний харьяалалтай Захир Жаффер гэгч гэрлэх саналд нь татгалзсан 27 настай найз бүсгүй Нур Мукадамын толгойг тастаж алсан хэрэг гарч байжээ.
Эх сурвалж: AFP