UBCab компани жолооч нартаа автомашинаа сайжруулах боломжийг ойртуулан, улмаар үйлчилгээний чанараа дээшлүүлэх зорилгоор дэлхийн цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлж буй BYD компанийн албан ёсны борлуулагч “WuChan ZhongDa International” групптэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд UBCab нь өөрсдийн жолооч нартаа BYD брэндийн 2025 оны шинэ загвар болох BYD Seal 05 DM-i загварын 1’000 ширхэг PHEV (тогоор цэнэглэгддэг, хосолсон хөдөлгүүрт) автомашиныг хямдралтай үнээр, 1.2%-ийн хүүтэй зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр санал болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ингэснээр:
- UBCab компанийн жолоочид зээлийн хөнгөлөлттэй, таатай нөхцөлөөр цоо шинэ цахилгаан автомашин худалдан авах
- Албан ёсны эрхтэй, баталгаат хугацаатай автомашин таксины үйлчилгээнд явах
- Хэрэглэгчдийн тав тухтай байдлыг сайжруулах
- Зөв талдаа жолооны хүрдтэй, PHEV (тогоор цэнэглэгддэг, хосолсон хөдөлгүүрт) автомашин замын хөдөлгөөнд оролцох
- Урт хугацаандаа Улаанбаатар хотод албан ёсны эрхтэй засвар, үйлчилгээний төв байгуулах зэрэг томоохон боломж бүрдэж байна.


Эхний ээлжийн автомашинууд 2025 оны 9-р сард ирж борлуулагдаад байгаа бөгөөд дараагийн ээлжийн автомашинууд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод ирэх тов гарчээ.
Ийнхүү технологид суурилсан шийдлээр Улаанбаатар хотын болон Монгол Улсын бусад хот суурин газруудын такси үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргаж чадсан UBCab ийнхүү жолооч болон зорчигчдынхоо тав тух, аюулгүй байдлыг улам сайжруулж, хотынхоо хөгжилд илүү их хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

