АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан Цагаан ордонд холимог тулааны хамгийн том холбоо болох Ultimate Fighting Championship (UFC)-ын тулаан зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байв.
Тэгвэл энэ тэмцээнийг орон нутгийн цагаар ирэх зургаадугаар сарын 14-ний Ням гарагт зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр Америкийн 47 дахь Ерөнхийлөгч 80 нас хүрэх юм.
Өчигдөр холбооны албан ёсны сошиал хуудсаар дамжуулан оролцох тамирчдын нэрийг зарласан байна. Гол тулаанаар Гүржийн Илия Топурия, АНУ-ын Жастин Гэйжи нар тодорчээ. Холимог тулааны ертөнцөд одоогоор хожигдож үзээгүй яваа Илия, хашир туршлагатай Жастин нар хоёулаа холбооны аваргын бүс эзэмшигчид.
Тэдний хэн ялсан нь дунд жиндээ үнэмлэхүй аварга болох юм.
Мөн Бразилын Алекс Перрейра, Францын Сирил Ган нар одоогоор эзэнгүй байгаа хүнд жингийн аваргын бүсийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн Д.Трамптай хамт гольф тоглож байсан холимог тулаанч, чөлөөт бөхийн төрлөөр оюутны лигийн гурван удаагийн аварга болсон Бо Никал, Кайл Докастай тулалдахаар болжээ.
Цагаан ордонд болох тус тэмцээнийг ойролцоогоор 5,000 орчим үзэгч л нэг дор багтах боломжтой юм. Гэхдээ тасалбарыг нийтэд зарахгүй, харин армийнхан болон Д.Трампын ойр дотны хүмүүст борлуулахаар төлөвлөж байгаа аж.
UFC холбооны тэргүүн Дана Уайт энэ өдөр болох зургаан гол тулааныг зарласны дараа сошиал орчинд нэгэн шуугиан дэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө болох тулаанд хэд хэдэн шаардлага тавьсны нэг нь орос тулаанчдыг жагсаалтад оруулахгүй байхыг холбооноос хүссэн байна.
Эх сурвалж: UFC