МАН-ын Бага хурлын өмнө сайд асны ой санамж гэнэт сэргэж, гомдогсод хэлд оров

Монгол Ардын Намын /МАН/ Бага хурал маргааш буюу есдүгээр сарын 27-д товлогдсон. Тус хурлаар намын даргаа сонгоно.

Эрх баригч намын даргын сонгууль дотоод хагарал нь хэр гүнзгийрснийг олон нийтэд тодоор харуулсаар буй. Басхүү хэн нь хэнийхээ талд байгааг бэлхнээ харуулаад байна. 

АТГ-аас МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчилж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад нэрээ дэвшүүлэхээ зарласнаас хойш МАН-ын намынхны “зодоон” ил цагаандаа гарлаа. Д.Амарбаясгаланг мэдэгдэл хийхээс нэг хоногийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг хөндөж, өмнөх Засгийн газар 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэдэг мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгч асны мэдээлэл МАН-ын даргын сонгуулийн оршил хэсэг байв. 

Үүнээс хойш өрнөсөн үйл явдал хийгээд ил гарч дуугарсан хүмүүсийн байр суурийг товчлон хүргэе. 

Гэмт үйлдлийн архив Б.Энхбаяр 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр есдүгээр сарын 24-нд “Лхагвын тойм” нэвтрүүлэгт зочноор оролцов. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед нүүрсний гэх сонсголыг даргалж, нотлох аргагүй ч тухайн үеийн МАН-ын генсек Д.Амарбаясгаланг нүүрсний “хамгийн том” хулгайчаар зарлаад байв. Энэ удаад ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо өмнөх хэргийг сануулахын зэрэгцээ маш ноцтой хэргийг “ухаж гаргаж ирлээ”. 

Б.Энхбаярын хэлснээр дээр дурдсан нүүрсний гэрээний 10 тэрбум ам.долларын хулгайтай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан холбоотой, түүнтэй хамаарал бүхий хүний ойр, дотнынхон БНХАУ-ын иргэнээс 30 сая ам.долларын авлига авсан. Тэрхүү авлигыг өгсөн хятад иргэн сэжигтэй байдлаар нас барсан хэмээсэн. 

Ямартай ч Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр маш гэмт хэргийн шинжтэй ноцтой зүйлүүдийг мэддэг байсан бөгөөд түүнийгээ намын даргын сонгуулийн өмнөх дэлгэж “бөмбөг тэслэв”.

Тэр өөр хэний, ямар үйлдлийг мэддэг, түүнийгээ хэзээ дэлгэх бол. 

3 цаг үргэлжилсэн асуулт, хариултаас… 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өөртэй нь холбоотой ноцтой мэдээлэлд хариулт, тайлбар өгөхөөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхэнд уулзалтын зар тараасан. Олон ч сэтгүүлч асуулт асууж, уулзалт гурван цаг үргэлжлэв. Тэрбээр “МАН-ын хагарлын шалтгаан Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар хов зөөснөөс болсон. Энэ хүмүүс төрийн өндөрлөгүүдийн хооронд хов зөөдөг. Энэ ховноос нь болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хоорон дахь харилцаа хүйтэрч байсан” хэмээн эсрэг талынхныхаа нэрсийг цохон хэлсэн.

Мөн нэгэн ноцтой зүйлийг хэлсэн нь Ерөнхийлөгчийг дахин сонгодог болох тухай асуудал. Хамгийн анх Г.Занданшатар тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа “Энэ Ерөнхийлөгч чинь /У.Хүрэлсүх/ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар бүрэн эрхээ сунгах гээд байна” хэмээн хэлж байсныг Д.Амарбаясгалан өчигдөр ярьсан. 

Түүний 3 цагийн яриаг товчилбол, найз Л.Оюун-Эрдэнээсээ хэзээ ч салахгүй, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даалгавар авч өөртэй нь муудсан гэхийн зэрэгцээ улс төрчдөд хэрэг үүсгэн дарамталдаг явдлын цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа, төрийн тэргүүн болсон ч намтайгаа нягт холбоотой байдаг гэдгийг тун болгоомжтойгоор хэлээд авав. 

Мөн тэрбээр нас барсан БНХАУ-ын иргэн болон “Админерал” компанитай өөрийгөө ямар ч холбоогүй гэдгээ дахин хэлсэн. 

Гомдогсдын төлөөлөл 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намын даргын сонгууль улс төрөөс холдсон зарим хүнийг эргэн ирэхэд хүргэв. Тэднийг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх авч чадаагүй гомдогсод гэж нэрлэж ч болохоор. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд өнөөдөр Д.Амарбаясгалангийн эсрэг мэдээлэл хийв. Тэрбээр “Намын даргын төлөө УИХ, Засгийн газар хоёр хоорондоо өрсөлдөж байгаа юм шиг байдал ажиглагдаж байна. Намын асуудал нам дотроо байх ёстой. Гэтэл тийм биш болчихлоо. Тиймээс гарч ирж үнэнийг ярих ёстой гэж үзлээ. Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг 8 жил хашсан. Энэ бол хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлдэггүй хэр нь төрийн засгийн шийдвэрт шууд оролцдог албан тушаал. Намын ЕНБД бүх тендер, бүх томилгоонд оролцдог. Д.Амарбаясгалан өрсөлдөгчдөө зайлуулж, өөрөө генсекийн суудалд нуугдан бүх тендер, томилгоонд оролцож ирсэн нүүрсчин. Маргааш нүүрсчид ялах эсэхийг шийднэ” хэмээв.  

Гишүүн асан М.Билэгт УИХ-ын даргыг баян айлын эрх хүүхэд шиг аашилж байна хэмээв

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөх парламентын нэгэн содон дүр байсан ч сонгуульд нэр дэвшиж чадаагүй М.Билэгт өнөөдөр Төрийн ордонд намын даргын сонгуулийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ. Тэрбээр “Намын даргад хэн ч өрсөлдөх нь нээлттэй. Асуудлаа Бага хурал дээрээ л ярилцах ёстой. Би УИХ-ын даргын арай залуу байна гэж бодлоо. У.Хүрэлсүх дарга 70-аад оныхноо алгасаад 80-аад оны залуусыг хөтөлж аваачаад намын дарга, Ерөнхий сайд болгосон. УИХ-ын даргын өчигдрийн мэдээллээс хараад залуу хүний аагаар явж байна даа гэж бодсон. Манай залуучууд баян айлын эрх хүүхэд шиг тансаг юман дээр гараад ирсэн. Тэр эрчээрээ яваад байна. Нам доторх асуудлаа ил гаргасан нь буруу” хэмээн болж буй үйл явдлын өөрийнхөөрөө тайлбарлажээ. 

АН-ын гишүүн МАН-ын “зодооныг” шүүмжлэв

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрх баригч намын хагаралтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шүүмжлэв. Тэрбээр “МАН улс төрийн нам болж төлөвшөөгүй байна. Сандал ширээний булаацалдаан болохоор хэн нэгнийгээ барьж авч хорьдог. Хууль зүйн сайд байсан хүн нь тухайн үедээ шалгах ёстой байсан хэргээ олон жилийн дараа намын даргын асуудал үүсэхээр гаргаж ирж байна. УИХ-ын дарга бас л баахан гэмт хэрэг ярилаа. Энэ бүх эс үйлдэхүйг шалгах ёстой. МАН даргаа сонгохын тулд энэ олон гэмт хэргийг илрүүлж гаргаж ирж байгаа юм чинь эднийд бугшсан өөр маш олон гэмт хэрэг байгаа. МАН-ын улс төрийн институц гэж нэрлэж болохгүй. Энэ намын бузар булай гараад ирлээ. 

Тиймээс МАН өөрсдөө татан буугд. Эсвэл УИХ тараад, дахиад эхнээс нь эхэлье” гэлээ. 

Г.Занданшатар: Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя

Ийнхүү шинэ хуучин, хүний өөрийн гишүүд ээлжээр гарч ирэн мэдэгдэл хийж байх үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар сошиалд дараах зүйлийг бичжээ. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр.

Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна. Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ. Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна.

Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ.

Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя” гэжээ. 

More From Author

Билгүүн номч Б.Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулж бүтээлүүдээс нь дахин хэвлэнэ

Улс төрийн намын тухай хууль дахь санхүүжилттэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн