Трамп улс орныг нь “тамын нүх” гэж нэрлэсэн мэдэгдлийг хуваалцсанд Энэтхэгийн эрх баригчид эсэргүүцэл илэрхийллээ

АНУ-ын үндсэн хуулиар тус улсад мэндэлсэн цагаачийн хүүхэд шууд иргэний харьяалалтай болох эрх эдэлдэг.

Америкийн подкаст хөтлөгч Майкл Саваж энэ боломжийг Энэтхэг, Хятад зэрэг улсуудаас ирсэн цагаачид хамгийн ихээр урвуулан ашиглаж байгааг шүүмжилсэн мэдэгдэл гаргасан байна.

“Энд төрсөн хүүхэд шууд иргэний харьяалалтай болдог бөгөөд дараа нь тэд Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн бусад тамын нүх болсон орнуудаас бүхэл бүтэн гэр бүлээ татдаг” гэж Саваж энэ талаар шүүмжилжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүний энэ мэдэгдлийг сошиал хуудсандаа хуваалцсан нь дипломат харилцааны маргаан үүсгээд байна.

Тухайлбал Энэтхэг улсын гадаад хэргийн яам Трамп болон Саважийн нэрийг дурдалгүйгээр улс орных нь эсрэг зохисгүй нэр томьёо ашигласан үйлдлийг буруушаажээ.

“Эдгээр үгс нь харилцан хүндлэл, нийтлэг ашиг сонирхолд суурилсан Энэтхэг-АНУ-ын харилцааны бодит байдлыг тусгаагүй нь лавтай” гэж яамны мэдэгдэлд бичсэн байна.

Трампын сошиал хуудсандаа нийтэлсэн үгс Энэтхэгт нэлээд дуулиан дэгдээсэн бөгөөд Конгресс дахь гол сөрөг хүчний нам үүнийг “Энэтхэгийн эсрэг үзэл харуулсан, доромжилсон утгатай” хэмээн шүүмжилжээ.

“Ерөнхий сайд Нарендра Моди энэ асуудлыг АНУ-ын ерөнхийлөгчтэй хэлэлцэж, хүчтэй эсэргүүцэл илэрхийлэх ёстой” гэж тус нам сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Вашингтон, Делигийн эрх баригчид сүүлийн жилүүдэд муудаад байгаа харилцаагаа сайжруулахыг хичээж буй цаг үед энэ маргаан дэгдэж байгаа юм.

Трамп өнгөрсөн онд хоригт орсон Оросын газрын тосыг худалдаж авсаар байгаагийнх нь төлөө Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд нийт 50 хувийн импортын татвар ногдуулсны 25 хувь нь дээрх зөрчилтэй холбоотой шийтгэл байлаа.

Гэхдээ энэ оны хоёрдугаар сард талууд худалдааны гэрээ байгуулж, дээрх татварын хэмжээг 18 хувь болгон бууруулахаар тохиролцсон ч яриа хэлэлцээ одоо болтол үргэлжилж байгаа.

Ирэх сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус улсад айлчлахаар болсон нь хоёр улсын хурцадмал харилцааг сэргээх чухал алхам гэгдэж байна.

Трамп бас цагаачлалын бодлогоо чангатгаж, Энэтхэгийн иргэд хамгийн их авдаг гадаад ажиллах хүчний H-1B төрлийн визийн босгыг өндөрсгөөд байгаа.

АНУ-ын компаниудад гадаадын авьяаслаг мэргэжилтнүүдийг татах боломж олгодог уг визийн хөтөлбөр нь америкчуудын ажлын байрыг булаадаг гэж Трамп үздэг юм.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Гэр ахуйн “Home&More” дэлгүүрийн BOOM SALE эхэллээ

Токио хотын захиргаа халууны улиралд эрчим хүч хэмнэх зорилгоор ажилтнууддаа богино өмд өмсөхийг уриалав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн