Токио хотын захиргаа халууны улиралд эрчим хүч хэмнэх зорилгоор ажилтнууддаа богино өмд өмсөхийг уриалав

Ойрх Дорнодын дайны улмаас эрчим хүчний үнэ өртөг өссөнтэй холбоотойгоор Японы нийслэл Токио хотын захиргаа халууны улиралд богино өмд өмсөхийг ажилтнууддаа уриалжээ.

Ажлын байранд зангиа, хослолоос салдаггүй эрэгтэй албан хаагчдад чөлөөтэй, хөнгөн хэв маягаар хувцаслахыг зөвшөөрснөөр дотоод агаарын хөргөлтийн зардлыг бууруулах зорилготой юм байна.

Энэ долоо хоногийн эхээр Токиогийн захиргааны зарим эрэгтэй албан хаагчид ажлын байрандаа богино өмд, ханцуйгүй цамц өмссөн байгааг харуулсан зураг, бичлэгүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.

Токио хотын захирагч Юрико Койке хорин жилийн өмнө байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа “Cool Biz” нэртэй кампанит ажлыг анх санаачилж байжээ. Гэхдээ Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал энэ зуны кампанит ажлыг илүү өндөр ач холбогдолтой болгож байгаа гэнэ.

“Энэ зун бид поло цамц, футболк, пүүз, ажлын хариуцлагаас хамааран богино өмд зэрэг тав тухыг хангасан “күүл” хувцаслалтыг дэмжиж байна” гэж тэр энэ сарын эхээр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Мөн “Cool Biz” санаачилгын хүрээнд ажлаа өглөөний сэрүүнд эрт эхлүүлэх зэрэг горимын өөрчлөлт багтаж байгааг Койке хэлжээ.

Өнгөрсөн онд Япон улс цаг агаарын бүртгэл хөтөлж эхэлсэн 1898 оноос хойших хамгийн халуун зунаа үзсэн юм.

Өнөөдөр зуны улиралд агаарын температур Цельсийн 40 хэмээс давах нь хэвийн үзэгдэл болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Японы Цаг Уурын Хүрээлэн ийм халалттай өдрийг “кокүшо” (харгис халуун өдөр) гэж нэрлэхээр болсноо зарлаж байв.

 

Эх сурвалж: AFP

 

More From Author

Трамп улс орныг нь “тамын нүх” гэж нэрлэсэн мэдэгдлийг хуваалцсанд Энэтхэгийн эрх баригчид эсэргүүцэл илэрхийллээ

Трампын засаг захиргаа цаазын ял гүйцэтгэх арга хэлбэрүүдийг өргөжүүлэхээр болсноо зарлажээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн