Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын хууль зүйн яам холбооны цаазаар авах ялын хэрэгжилтийг нэмэгдүүлж, цаазын ял гүйцэтгэлд буудах, өндөр хүчдэлд цохиулах, хийгээр хордуулах, үхлийн тарилга шахах зэрэг арга хэлбэрүүдийг нэмэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“Өмнөх засаг захиргаа террористууд, хүүхдийн алуурчид, цагдаагийн алуурчид зэрэг хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн эсрэг хатуу шийтгэлийг хэрэгжүүлэхээс татгалзсанаар Америкийн ард түмнийг хамгаалах үүргээ биелүүлээгүй” гэж ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш хэлсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацааны төгсгөлд буюу 2020 онд 17 жил завсарлаад байсан холбооны цаазын ялын хэрэгжилтийг сэргээсэн юм.
Түүний эхний бүрэн эрхийн хугацааны сүүлийн зургаан сарын дотор үхлийн тарилгаар 13 цаазын ял гүйцэтгэгдсэн нь сүүлийн 120 жилийн хугацааны АНУ-ын аль ч ерөнхийлөгчийн засаг захиргааны үеийн гүйцэтгэлээс өндөр үзүүлэлт байжээ.
Өмнөх ерөнхийлөгч Жо Байден 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордноос явахынхаа өмнө холбооны цаазын ялтай 40 хоригдлын 37-гийн ялыг хөнгөлж байв.
Гэвч Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааны эхний өдөр “хамгийн аймшигтай гэмт хэргүүдэд” цаазын ялын хэрэгжилтийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм.
АНУ-д ихэнх цаазын ял мужуудын түвшинд хэрэгждэг бол холбооны засаг захиргаа хязгаарлагдмал тооны хэргүүдэд цаазын ял оноох эрхтэй байдаг.
Одоогоор АНУ-ын таван мужид буудах аргыг зөвшөөрдөг ч сүүлийн жилүүдэд зөвхөн Өмнөд Каролина муж энэ аргыг хэрэглэж байгаа.
Өөр есөн мужид өндөр хүчдэлээр цохиулах аргыг зөвшөөрдөг ч 2020 оноос хойш ганц ч удаа хэрэглээгүй байна.
Саяхан хоёр мужид азотын хий ашиглан цаазын ял гүйцэтгэжээ.
Энэ нь ялтны нүүрэнд зүүсэн багт азотын хий шахаж, амьсгал боодог арга юм. НҮБ-ын мэргэжилтнүүд үүнийг харгис, хүмүүнлэг бус арга гэж шүүмжилдэг.
Одоогоор АНУ-ын 50 мужийн 23-т нь цаазын ялыг халсан бол Калифорни, Орегон, Пенсильвани мужуудад түдгэлзүүлээд байгаа.
Жо Байден цаазын ялаас чөлөөлөөгүй үлдээсэн гурван ялтан нь 2013 оны Бостоны марафоны бөмбөг тэслэгч, 2018 онд 11 жүүд мөргөлчийн амийг хөнөөсөн зэвсэгт халдлага үйлдэгч, 2015 онд есөн хар арьстны амийг хөнөөсөн арьс өнгөний үзэлтэн нар байжээ.
Эх сурвалж: AFP