Амьтны хүрээлэнгээс оргосон чонын хуурамч зураг тараасан хүнийг Өмнөд Солонгосын цагдаа нар баривчлав

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын Тэжон хотын амьтны хүрээлэнгээс нэг чоно оргож, эрх баригчид томоохон эрлийн ажиллагаа явуулсны үр дүнд барьсан билээ.

Эрлийн үеэр сошиал орчинд хиймэл оюун ашиглаж бүтээсэн уг чонын гэрэл зургийг тарааж, эрэлчдийг төөрөгдүүлэх явдал гарч байсан юм.

Тэгвэл цагдаа нар чоно замын уулзвараар гарч байгааг харуулсан ийм хуурамч зургийг үүсгэж, тараасан 40 настай эрэгтэйг баривчилжээ.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Нэүкгү нэртэй чоно амьтны хүрээлэнгээс оргосноос хойш хэдхэн цагийн дараа тарсан энэ зураг эрлийн ажиллагаанд нэлээд саад учруулж байсан гэнэ.

Оргодол чоныг ес хоногийн дараа Тэжон хотын нэг хурдны замын ойролцоо газраас унтуулагч сумаар буудан барьсан юм.

Цагдаа нар хяналтын камерын бичлэг, хиймэл оюуны программ ашигласан түүх зэргийг мөрдөн шалгасны үр дүнд нэрийг нь нууцалсан уг эрэгтэйг баривчилжээ.

Одоо түүнийг залилан мэхлэх замаар засгийн газрын ажлыг тасалдуулсан хэргээр шалгаж байгаа бөгөөд хэрвээ буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор ($6,700) торгох шийтгэлтэй юм байна.

Хоёр настай Нэүкгү чонын эрлийн ажиллагаа Өмнөд Солонгосын нийгмийн анхаарлын төвд байсан бөгөөд тус улсын ерөнхийлөгч И Жэ Мюн хүртэл энэ амьтны хувь заяанд санаа зовж байгаагаа илэрхийлж байжээ.

Солонгосын хойгт устаж алга болсон зэрлэг чоныг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Нэүкгү 2024 онд Тэжон хотын амьтны хүрээлэнд мэндэлсэн юм.

Түүнийг барьж, буцаасны дараа амьтны хүрээлэнд ирэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Орон нутгийн нарийн боовны газар чонын дүрстэй бүтээгдэхүүн зарж эхэлсэн бол хотын захиргаа чоныг албан ёсны бэлгэдлээ болгох талаар судалж эхэлсэн байна.

Нэүкгүгийн торон дотроо мах идэж байгааг харуулсан дүрс бичлэг сая гаруй үзэлттэй болсон ч амьтны хүрээлэнгийн захиргаа түүний тайван байдлыг хангахын тулд дахин ийм бичлэг цацахгүйгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Трампын засаг захиргаа цаазын ял гүйцэтгэх арга хэлбэрүүдийг өргөжүүлэхээр болсноо зарлажээ

Согтуурсан үедээ өөрийгөө шатаах гэж байсан иргэний үйлдлийг таслан зогсоожээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн