АНУ-д дунд ангийн сурагчид жолооч нь ухаан алдсаны дараа сургуулийн автобусыг осолдохоос сэргийлж чаджээ

Энэ долоо хоногт АНУ-ын Миссисипи мужийн нэг дунд сургуулийн сурагчид хурдны зам дээр жолооч нь ухаан алдсаны дараа сургуулийн автобусыг осолдохоос сэргийлж чадсан байна.

Лхагва гарагт тус мужийн Килн хотын Ханкок дунд сургуулиас сурагчдыг суулган хөдөлсөн автобусны жолооч Леа Тэйлорын бие замдаа гэнэт муудаж, ухаан алджээ.

Автобус хяналтгүй болсныг мэдсэн 12 настай Жэксон Каснэйв энэ үеэр жолооны ард суусан байна.

“Надад сэтгэл хөдлөлөө хянах цаг зав байгаагүй. Би зүгээр л хэн ч битгий гэмтээсэй гэж хүссэн” гэж тэр сүүлд хэвлэлд ярьжээ.

Зургаадугаар ангийн сурагч Дарриус Кларк энэ үеэр тоормос дээр гишгэж, автобусны хурдыг сааруулахад тусалсан байна.

Хоёр сурагч эцэст нь автобусны хурдыг сааруулж, замын хажуугийн зогсоолд байрлуулж чаджээ.

Дараа нь Кларкын эгч 13 настай Кэйли 911 дугаарт залгаж, тусламж дуудсан байна. Энэ үеэр 13 настай Маккензи Финч жолоочийн толгойг түшин халамжилж, түүний гар утсаар сургуультай холбогдон юу болсныг дуулгаж амжжээ.

Эмнэлгийн тусламж авсны дараа бие нь сайжирсан автобусны жолооч Тэйлор “Би тэднээр маш их бахархаж байна. Тэд миний амийг аварлаа” гэж хэвлэлд ярьсан байна.

Баасан гарагт баатарлаг гавьяа байгуулсан сурагчдыг алдаршуулах арга хэмжээ сургууль дээр нь зохион байгуулагджээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

More From Author

Нутаг дэвсгэрт нь амиа алдсан АНУ-ын агентууд зөвшөөрөлгүй ажиллаж байсныг Мексикийн эрх баригчид батлав

Зэвсэгт халдлага гарсны улмаас АНУ-ын ерөнхийлөгчийг олон нийтийн арга хэмжээнээс нүүлгэн шилжүүлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн