Нутаг дэвсгэрт нь амиа алдсан АНУ-ын агентууд зөвшөөрөлгүй ажиллаж байсныг Мексикийн эрх баригчид батлав

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нутаг дэвсгэрт нь автомашины ослоор амиа алдсан АНУ-ын хоёр агент зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосноо Мексикийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Тагнуулын Төв Газрын (CIA) ажилтнууд байсан гэгдэж буй эдгээр хүмүүс Чихуахуа мужийн хойд хэсэгт байрладаг хар тамхины лабораториудад хийсэн дайралтад оролцож байгаад автомашин нь уулын замд онхолдож, дэлбэрсний улмаас амиа алдсан юм.

Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаумын тушаалаар уг ослыг мөрдөн шалгасан тус улсын дотоодыг хамгаалах яам “хоёул үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, тэдний талаар холбооны засгийн газар ямар ч мэдээлэлгүй байсан” гэж мэдэгджээ.

Мексик, АНУ-ын эрх баригчдын хооронд хар тамхины картелуудын эсрэг тэмцэл болон өөр хэд хэдэн асуудлаар харилцаа хурцадсан цаг үед энэ осол болсон юм.

Трампын засаг захиргаа Мексикийн нутаг дэвсгэрт хар тамхитай тэмцэх ажиллагаа явуулах санал удаа дараа тавьсан ч ерөнхийлөгч Шэйнбаум татгалзсаар байгаа.

Шэйнбаум үүнийг зөвшөөрвөл Мексикийн тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал алдагдсан хэрэг болно гэж үздэг.

Мексикийн дотоод хэргийн яамны мэдэгдэлд амь үрэгдсэн хоёр агентын нэг жуулчны визээр, нөгөө нь дипломат шугамаар зорчиж байсныг дурджээ.

Дөрөвдүгээр сарын 19-нд болсон энэ ослын үеэр Чихуахуа мужийн цагдаагийн албаны хоёр ажилтан бас амь үрэгдсэн юм.

Чихуахуа мужийн ерөнхий прокурор Сезар Хауреги тэднийг “АНУ-ын засаг захиргаатай хамтран хэрэгжүүлж буй туршлага солилцох төслийн хүрээнд ажиллаж байсан элчин сайдын яамны зааварлагч нар байсан” гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Шэйнбаум үүнийг Мексикийн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шэйнбаумын засгийн газар АНУ-ын холбогдох албадтай сургалт, тоног төхөөрөмж нийлүүлэлт, мэдээлэл солилцоо зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байгаа ч Мексикийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөгүйг баталжээ.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Сонгуульд нам нь ялагдсан Унгарын ерөнхий сайд Виктор Орбан парламентын гишүүний суудлаасаа татгалзжээ

АНУ-д дунд ангийн сурагчид жолооч нь ухаан алдсаны дараа сургуулийн автобусыг осолдохоос сэргийлж чаджээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн