Теслагийн технологийг судлахын тулд гурван ширхэг шинэ машин худалдаж аваад задалснаа Xiaomi компанийн босс ярьжээ

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанитай өрсөлдөхийн тулд технологийг нь хэрхэн шаргуу судалж байгаа талаар Хятадын Xiaomi компанийн гүйцэтгэх захирал Лэй Жүн саяхан ярьжээ.

Тэрбээр Пүрэв гарагт Бээжин хотын Үндэсний Хурлын Танхимд зохион байгуулагдсан жил тутмын арга хэмжээнд үг хэлэхдээ тус компани гурван ширхэг Tesla Model Y шинэ автомашин худалдаж аваад эд анги бүрээр нь задалж байсныг дурссан байна.

“Бид энэ оны эхээр гурван ширхэг Model Y автомашин худалдаж аваад эд анги бүрээр нь задалж, хэсэг хэсгээр нь судалсан” гэж Лэй Жүнийг хэлэхэд ард нь том дэлгэц дээр Tesla Model Y загварыг Xiaomi компанийн YU7 загварын автомашинтай харьцуулан харуулж байжээ.

Ингэхдээ тэр Model Y загвар маш сайн автомашин болохыг баталсан байна.

“Хэрвээ YU7 загварыг сонирхохгүй байвал та нар Model Y автомашиныг сонгох хэрэгтэй” гэж 55 настай Лэй хэлжээ.

Тэр бас Xiaomi компанийн мэргэжилтнүүд энэхүү SUV ангиллын автомашиныхаа дотоод орон зайг оновчтой зохион байгуулсан дизайныг гаргаж авахын тулд маш урт хугацаа зарцуулсныг мэдээлсэн байна.

Тиймээс YU7 загварын дизайны сүүлчийн хувилбар Теслагийн Model Y загварынхаас “гарцаагүй илүү” болсныг Лэй баталжээ.

Бас батарейн багтаамжийн хувьд өрсөлдөгчийнхөөс илүү гарсныг хэлсэн байна.

Гэхдээ Лэй эцэст нь “Би Model Y загварыг шүүмжилж байгаа юм биш. Энэ бол гайхалтай сайн автомашин” гэж хэлжээ.

Хятадын Суудлын Автомашины Холбооны мэдээллээр бол өнгөрсөн наймдугаар сард Теслагийн борлуулалт тус улсын зах зээлд жилийн өмнөхтэй харьцуулахад 4 хувиар буурч, 83,200 ширхэгт хүрсэн байна.

Үүнийг Xiaomi, Xpeng, Nio зэрэг Хятадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой гэж тайлбарладаг.

Xiaomi компанийн YU7 загвар өнгөрсөн зургаадугаар сард худалдаанд гарахдаа эхний 24 цагийн дотор 240,000 гаруй захиалга авч байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

More From Author

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийн цагдан хорих шийдвэрийг өөрчилж, суллахаар болов

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн