Нийслэл хотын хориглосон бүсэд малаа оруулбал малыг хашаалж тэжээлийн мөнгийг төлүүлэхээс гадна торгууль ногдуулахаар болсон байна.
Хотын захирагчийн мэдэгдсэнээр Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээснээс гудамж талбай адууны хомоолоор дүүрчээ.
Иймд арваннэгдүгээр сарын 1-нээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гаргахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд хашиж, малаа авахад нь торгууль, хоногийн тэжээлийн мөнгийг малын эзнээр нь төлүүлэх юм байна.
Хот дотор мал бэлчээх нь нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй аж.