Японд “ер бусын” их усархаг бороо орсны улмаас найман хүний амь үрэгджээ

Өнгөрсөн хоёр өдөр Япон улсын зүүн хэсэгт түүхэнд байгаагүй их хэмжээний хур тунадас унасны улмаас доод тал нь найман хүний амь үрэгдэж, Токио хотын Нарита нисэх онгоцны буудалд олон мянган хүн саатжээ.

Эрх баригчид “урьд өмнө үзэгдээгүй” гэж тодорхойлсон байгалийн энэхүү гамшгийн үеэр Чиба мужид 20,000 гаруй өрх цахилгаан хангамжгүй болсон байна.

Орон нутгийн захиргаа Пүрэв гарагт онцгой байдлын зэрэглэлийг хамгийн өндөр буюу тавдугаар түвшинд шилжүүлсэн бол Баасан гарагийн өглөө дөрөвдүгээр түвшинд бууруулжээ.

Гэхдээ хөрсний гулсалт, үерийн эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсан юм.

Энэ долоо хоногт Япон болон хөрш зэргэлдээ улс орнуудад далайн хар салхи хэд хэдэн удаа дэгдсэний дараа уг гамшиг нүүрлэж байна.

Тус улсын зүүн хэсэгт төвлөрч байсан халуун, чийглэг агаарын урсгал дээр хүйтэн агаарын урсгал орж ирснээр цаг уурын нөхцөл байдал маш тогтворгүй болсныг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

“Энэ бол Японы уур амьсгалын түүхэн стандарт талаасаа ч онцгой ховор үзэгдэл юм. Би өмнө нь олон гамшигтай тэмцэж байсан ч ийм зүйлтэй хэзээ ч тохиолдож байгаагүй” гэж Баасан гарагийн өглөө сэтгүүлчидтэй уулзахдаа Чиба мужийн захирагч Тошихито Кумагай хэлсэн юм.

Нийслэл Токио хоттой хөрш зэргэлдээ Чиба мужид Пүрэв гарагийн үдээс хойшоос эхлэн цагт 100 мм-ийн хэмжээтэй хур тунадас унажээ.

Энэ бол наймдугаар сарын дунджаас гурав дахин өндөр, Япон улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Хэвлэлүүдийн мэдээлснээр уг гамшгийн үеэр амиа алдсан хүний тоо найм хүрсэн байна. Тэдний дунд гудамжинд урссан автомашин дотор живсэн нэг эмэгтэй байжээ.

Баасан гарагийн өглөө хэд хэдэн чиглэлийн төмөр зам болон томоохон хурдны замууд хаагдсан байв.

Хөрсний гулсалт, эрчим хүчний тасалдлын улмаас Пүрэв гарагт 100,000 өрхийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ. Нарита олон улсын нисэх буудлын захиргаа Баасан гарагаас хэвийн ажиллаж эхлэхээ мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Япон, Филиппин, Хятад улсууд Долфин, Чан Хом, Пэйлоу гэсэн гурван хар салхинд дараалан нэрвэгдсэн юм.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

“АИ-92 автобензиний үнийг чөлөөлөхгүй. Хангамжид түлхүү анхаарч байна”

Эрдмийн бүтээл хуулбарласан дуулианд нэр холбогдсон Кэмбрижийн профессор асан нас барсныг цагдаа нар олжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн