Бяцхан тугалын тухай өгүүлдэг “Niu Lai” буюу “Бух ирлээ” хэмээх нэртэй хүүхэлдэйн киноны Хятадын киноны ертөнцөд дуулиан тарьж байна. Мэргэжлийн бус энгийн аргаар хийгдсэн, болхидуу хөдөлгөөнт дүрслэлтэй энэ кино Хятадын кино театраар хэний ч таамаглаагүй амжилт үзүүлж, бараа бүтээгдэхүүн олон саяар зарагдах болж, цахим хошигнолын гол дүр болжээ.
Маш бага төсвөөр бүтээгдэж, зурагт хуудсыг нь гараар зурсан уг бүтээл Пүрэв гарагийн байдлаар хэдийнээ $4 сая гаруй орлого олсон байна.
Ингэснээр Хятадын кино театруудаар олсон орлогоороо Marvel Studio-ийн бүтээл, нийт төсөв нь $225 саяар хийгдсэн “Spider-Man: Brand New Day” киноны яг ард нь бичигдэж байгаа аж.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр үнээ болон түүний дөнгөж төрсөн тугал, ирвэсийн зулзаганы тухай өгүүлдэг энэ кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо $1,000 гаруй орлого олсон юм байна.
Үүний дараа Хятадын цахим ертөнцөөр ер бусын муу хийцтэй киноны талаар дуулиан тархаж, орон нутгийн хэвлэлээр уг киног бүтээсэн ээж, хүү хоёрын тухай нийтлэл гарснаас хойш үзэгчдийн тоо эрс нэмэгджээ.
Харилцан яриа нь удаан, үйл явдлын өрнөл нь эв хавгүй, хөдөлгөөнт дүрслэл нь маш бүдэг хэдий ч Бээжингийн нэгэн кино театр үзэгчдээр дүүрэн байсан юм.
Хэдийгээр “маш муу кино” болсон ч уг бүтээл соёлын томоохон үзэгдэл болж, уг киноны гол баатруудын дүртэй тоглоом, маск, дүр хувиргалтаар олны дунд түгж эхлэв.
Тэр ч бүү хэл “Бух” гэсэн үг орсон компанийн хувьцааны ханш Даваа гарагт өссөн нь Хятадын Төв банкнаас тусгай анхааруулга гаргахад хүргэжээ.
Эх сурвалж: Reuters