Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга доктор Урсула Зауттер, Олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан газрын дарга, төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга Стефан Вагнер нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар, Бонн хотын олон жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцов.
Улаанбаатар хот Бонн хоттой 1999 онд эрүүл мэнд, аялал жуулчлал, дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн чиглэлээр найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд хотуудын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй энэ үед хот хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах боломжтойг талууд онцоллоо.
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Улаанбаатар хот дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүртээмжтэй орон сууц зэрэг олон талын сорилттой тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн оролцоо, инновац, шинэлэг санхүүгийн хэрэгслүүдийн ач холбогдол нэмэгдэж байгааг онцоллоо.
Цаашид Улаанбаатар, Бонн хот ногоон дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, байгаль орчны хамгаалал, тогтвортой хот байгуулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, орон сууц болон хотын үйлчилгээний салбарын хөгжилд харилцан туршлага солилцох, олон улсын хотуудын сүлжээ, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хот Бонн хоттой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд харилцан туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой” гэдгийг онцоллоо.
Талууд цаашид хотын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.