Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд:
Туулын хурдны замыг нийт долоон орц, гарцтай байхаар төлөвлөсөн. Ингэснээр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүрээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаж Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах урьдчилсан тооцоололтой юм.
Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай баригдсанаар түгжрэл 40 гаруй хувиар буурна.
Тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ.
Нийт найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан. 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар замын трасс зургийг хэлэлцэж баталсан.
Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм.
Мөн Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконг зэрэг улсад дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай компани гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



