С.Ганбаатар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийн хугацаанд нь хуулийн байгууллага шалгах ёсгүй гэдэг санал гаргажээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Ганбаатар гишүүний гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцэв. Уг саналыг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна. Байнгын хорооны гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнээр өнөөдөр ийнхүү хэлэлцсэн юм. 

Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр санал гаргагч С.Ганбаатар гишүүн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлаар гаргаж буй санал” хэмээн тайлбарласан.

Харин шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “С.Ганбаатар гишүүний санал болгосон УИХ-ын гишүүнийг шалгаж болохгүй гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Үүнийг битгий дэмжээрэй” хэмээн нийт гишүүдэд уриалсан. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргасан саналынхаа талаар “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” хэмээн заасан байдаг.

Үндсэн хуулийн онол, зорилгын хүрээнд авч үзэхэд тус зохицуулалт нь нэгдүгээрт, гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол, хоёрдугаарт, Улсын Их Хурлын гишүүн болсноос хойш гэмт хэрэгт холбогдохтой холбоотой асуудлыг зохицуулах үндсэн зорилготой. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хийсэн үйлдлийнхээ төлөө бусдын адил шууд халдлагад өртөхгүй буюу хариуцлага хүлээхгүй гэсэн энэхүү хамгаалалтыг хуульчилж, гэмт хэрэгт холбогдох асуудлыг өргөсөн тангарагтай нь холбон хуульчилсан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 46.2.3 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг илтэд дордуулж, зөрчиж байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “…гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан…” гэсэн заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан өргөсөн тангаргаа зөрчсөн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн болсноос хойших цаг хугацаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал биш, тухайн гишүүний амьдралын бүх цаг үе дэх үйлдэл, эс үйлдэхүйтэй нь холбогдуулан хэрэг үүсгэж болохоор байна” хэмээн тайлбарлаад байгаа юм. 

Мөн тэрбээр “Гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах асуудлыг Улсын ерөнхий прокурор шууд Улсын Их Хуралд оруулахаар хуульчилсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгт саад болсон зохицуулалт. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2, 45.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчиж буй эсэхийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх санал гаргаж байна” гэв. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн гэмт хэрэгт холбогдсон бол түүнийг бүрэн эрхийнх нь хугацаанд хуулийн байгууллага шалгахгүй байх нь зөв гэж С.Ганбаатар гишүүн үзжээ. 

Харин УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг тал бүрээс нь судалж байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа тул гурав хоногийн завсарлага хүсэв. 

Хуралдаан даргалагч АН-ын бүлэгт гурав хоногийн завсарлага өгснөөр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Монгол Улсын Үндсэн хууль

2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

З.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль

45.2.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ:

  • 45.2.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан;
  • 45.2.3.гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхийн өмнө Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.  

More From Author

ФОТО: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр “эргэн ирсэн” Г.Занданшатар хуулийн сайдтай боллоо

Б.Энхбаяр: Ерөнхий сайд асан Л.Оюун Эрдэнэ “Админерал”-тай холбоотой асуудлаа цэгцэл гэж Д.Амарбаясгаланд хэлж байсан

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн