Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо.
Тус хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “МАН-ын дарга, ерөнхий сайдаар ажиллаж байсан намын зүтгэлтнүүдээ оруулж, удирдах зөвлөлийг өргөтгөсөн хэлбэрээр хуралдлаа. Үндсэндээ таван цаг гаруй хуралдаж, хэд хэдэн асуудлыг ярьсан. Ялангуяа нам болон УИХ дахь бүлэг дотор үүсээд буй нөхцөл байдал, парламентын УИХ-ын дарга, бүлгийн даргын томилгооноос эхлээд олон асуудал үүссэн. Энэ бүхнийг ярьж үзээд тодорхой ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсэг хоёр хоногт ажиллаад, хоорондоо ойлголцохгүй бүлгийн хэмжээнд хоёр хуваагдаад байгаа зүйлийг нэгтгэж, эв нэгдэл хангах чиглэлээр тодорхой үүрэг авсан.
Удирдах зөвлөлөөс намын даргаар ажиллаж байсан ахмадуудаа оруулсан томоохон ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг өнөөдрийн дотор хоёрт талтай уулзаж тодорхой шийдэл гаргана. Зөвхөн дотоодын намын томилгоо ярихаас гадна нийгэмд үүсээд буй улсын төсөвтэй холбоотой асуудлыг ярьсан. Улсын төсвийг цаг хугацаанд батлахад парламент бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлаа шийдэх чиглэл гаргасан.
Ерөнхий сайд шатахуун хомсдол, багш эмч нарын ажил хаялттай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн. Ойрын үед энэ асуудлыг шийдвэрлэх ёстой учраас ажлын хэсэг байгууллаа.
МАН-ын аливаа шийдвэр намын дүрмийн хүрээнд явах ёстой. Энэ агуулгаар дотроо хуваагдаж нэлээд хугацаа өнгөрсөн учраас хоорондоо уулзах боломжийг нээх үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллана. Тус ажлын хэсэгт С.Баяр, Ц.Нямдорж, Н.Энхбаяр тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд орсон” гэв.