Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд сонсгожээ.
Энэ онд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шар хаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12,619 айлын орон сууц ашиглалтад орох юм байна.
Засгийн газрын хуралдаанаас орон сууцны хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулан байгууллаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл багтжээ.
Эх сурвалж: Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар