“Ногоон автобусны” гэх тодотголтой хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
2023 онд ногоон автобусыг оруулж ирсэн гэх “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт анхан шатны шүүхээс хоёр зүйлчлэлийн хүрээнд зургаан жилийн хорих ял оноож байв.
Тодруулбал шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн тухай хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2-д заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оноосон юм.
Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурлаас “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээсэн.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2-д заасан Залилах гэмт хэрэгтэй холбоотой үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг үндэслэлийн талаар хуралдаан даргалагч шүүгч дараах тайлбарыг өгөв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа: Залилах гэмт хэргийн хувьд, прокуророос Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх Ли Жон Соб, Ким Кэа Баум, Ж.Эрдэнэбат нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж, шүүгдэгч А.Ганхуягийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цогц байдлаар үнэлж дүгнэхэд, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын нэгдсэн үйлдлийн үр дүнд евро 2 хөдөлгүүр бүхий автобусанд “Adblue” төхөөрөмжийн банк суурилуулаад, евро 5 гэсэн бичиглэл бүхий наалт наасан нөхцөл байдал тогтоогдож байх боловч энэ нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө ашиг олох шунахай сэдэлтээр, хариу төлбөр хийхгүй, буцаан өгөхгүй байх санаа зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин шүүгдэгч “Тэнүүн Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээгээр өөртөө олж авсан давуу байдлаа хамгаалах зорилгоор стикер наах, хүхрийн агууламж бууруулах зориулалтын төхөөрөмж суурилах үйлдэл хийж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг эрх ашигт халдаж, нэг төрлийн хохирол, хор уршигт хүргэсэн байна.
Мөн, яллаж буй үндэслэлд дурдсан зөвхөн евро 5 хөдөлгүүртэй автобусанд суурилуулах төхөөрөмж байсан гэж дүгнэх нотлох баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, талуудын гэрээ дүгнэсэн байдлаас үзэхэд гэрээний зарим хэсгийг хэвээр үлдээсэн, зарим хэсэгт хугацаатай үүрэг өгсөн, зарим хэсгийг хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд захиалагч талаас гэрээ цуцлагдсан хэсгээр хохирлыг тооцон акт үйлдэж гаргуулан авсан байх тул шүүгдэгч А.Ганхуягт холбогдох хэргээс уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.