АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн 63 настай ерөнхийлөгч Николас Мадурог нийслэл Каракас дахь өргөөнөөс нь баривчилснаа Бямба гарагт зарласан билээ.
Автобусны жолооч, үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн байсан тэрбээр Өмнөд Америк тивийн Венесуэл улсыг 13 жил, найман сарын турш захирсан юм.
Мадуро нь өмнөх ерөнхийлөгч, түүний багш Уго Чавесын 1999 онд эхлүүлсэн социалист хувьсгалыг үргэлжлүүлэгч байв.
Тэрбээр багшийнхаа нэгэн адил үйл хэргийг нь нураахыг оролдож буй АНУ-ын засаг захиргааг байнга шүүмжилдэг байжээ.
Одоо Мадуро хар тамхи, галт зэвсгийн хэргээр АНУ-ын шоронд олон жил хоригдохоор болоод байна. Үүнээс гадна Венесуэлийн ард иргэд бас түүнийг шүүх нь тодорхой юм.
Мадурогийн засаглал Венесуэлийн эдийн засгийг сүйрүүлж, олон сая иргэдийг нь гадаадад дүрвэхэд хүргэж байв.
1962 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр төрсөн Мадуро нийслэл Каракас хотын захад орших ажилчдын хороолол Эль Валле дахь Хосе Авалос ахлах сургуулийн сурагчдын үйлдвэрчний эвлэлийн даргаас улс төрийн замналаа эхлүүлж байжээ.
Түүний сургуулиа төгссөнийг нотлох баримт байдаггүй. Гэхдээ олон хүн түүнийг сүр жавхаатай, эвлэрүүлэгч нэгэн байсныг дурсдаг.
1986 онд Куба улсад ахлах сургууль төгссөн нь түүний амьдралдаа олж авсан цорын ганц албан ёсны боловсрол болжээ.
Мадуро буцаж ирээд Каракас хотын нийтийн тээвэрт автобусны жолоочоор ажиллаж эхэлснийхээ дараа удалгүй аавынхаа адил үйлдвэрчний эвлэлийн дарга болж, Чавесын идэвхтэй дэмжигч болсон байна.
1990-ээд оны дундуур Чавесын үүсгэн байгуулсан улс төрийн хөдөлгөөнд Мадуро элсжээ.
Улмаар 1998 онд Чавесыг ерөнхийлөгч болоход Мадурогийн улс төрийн замнал гэрлийн хурдаар өссөн байна.
Тэрбээр зургаан жил парламентын гишүүнээр ажилласныхаа дараа дахин зургаан жил гадаад хэргийн сайдаар ажиллаж, дараа нь дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ.
2013 онд хорт хавдрын улмаас нас барахынхаа өмнө Уго Чавес өөрийн залгамжлагчаар Мадурог зарласан юм.
Тухайн үед Венесуэлд олон хүн түүнийг боловсролгүй, Чавесын үгийг давтахаас өөр зүйл мэддэггүй, чанга дуутай алиалагч хэмээн шоолдог байв.
Тиймээс Мадурогийн засаглал эхлэнгүүтээ эсэргүүцэлтэй тулгарч, сонгууль бүр ширүүн өрсөлдөөн маргаантай болдог байлаа.
2015 оны сонгуулиар эрх баригч Нэгдсэн Социалист нам 16 жилийн дараа анх удаа Венесуэлийн парламентад олонхын суудлаа алдахад хүрч байжээ.
Тиймээс 2017 онд Мадуро сөрөг хүчин давамгайлсан парламентын хүч нөлөөг саармагжуулахын тулд өөрийг нь дэмждэг сонгогчдын чуулган гэгчийг байгуулж байлаа.
Үүнийг нь эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцлийг тэр хүчээр нухчин дарсан юм. Энэ үеэр 100 гаруй хүн алагдаж, олон мянган хүн шархдаж байжээ.
2018 онд Каракас хотод болсон цэргийн парадын үеэр Мадурогийн амь насанд халдах оролдлого гарч байв.
Өнөөдөр Венесуэлийн эдийн засаг чөлөөт уналтын хурдаар уруудаж, хэт инфляц ард иргэдийнх нь аж амьдралыг сүйрүүлж байна.
Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй энэ улсад үйлдвэрлэл одоо өдөрт ердөө 400,000 баррель хүрэхгүй хэмжээнд хүрээд байгаа.
2018 оны сонгуулиар Мадурог дахин сонгогдоход дэлхийн ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй юм.
Трампын эхний засаг захиргаа энэ үеэр Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарлаж байв.
Үүний дараа Мадуро эдийн засгийн шинэчлэлтийг санаачилж, сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөж эхэлсэн нь 2024 оны сонгууль нээлттэй, ардчилсан болох найдварыг төрүүлсэн юм.
Гэвч 2023 онд Мадурогийн дэглэм сөрөг хүчний гол өрсөлдөгч Мачадогийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг хассан байна. Улмаар 2024 оны эхээр сөрөг хүчний удирдагчид, хүний эрхийн тэмцэгчдийг баривчилж эхэлжээ.
Ийм нөхцөл байдалд явуулсан сонгуулиар Мадуро ялалт байгуулсан ч саналын тоо зэрэг чухал тоо баримтуудаа зарлалгүй нууцалсан юм.
Сөрөг хүчнийхний олж авсан баримтаас нийт санал хураах электрон машинуудын 80 гаруй хувийн үр дүн Мадуро ялагдсаныг баталж байжээ.
2025 оны нэгдүгээр сард Мадуро гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхтэй зэрэгцэн АНУ-д ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь засаглал эхэлж байв.
Трамп ажлаа авмагцаа Мадурогийн дэглэмийн эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн.
Өнгөрсөн зунаас эхлэн тэр Карибын тэнгист цэрэг зэвсгийн хүч төвлөрүүлж, Венесуэлээс гаралтай хар тамхи тээвэрлэгчдийг намнаж эхэлсэн юм. Уг ажиллагаа улам гүнзгийрсээр өчигдөр АНУ-ын тусгай хүчнийхэн Мадурог гэргийнх нь хамт баривчлан Нью-Йорк хотод хүргээд байна.
Мадурогийн засаглалын жилүүдэд түүний гэргий Силиа Флорес нөхрөөсөө дутахгүй эрх мэдэлтэй нэгэн байсан бөгөөд ерөнхий прокуророос эхлээд парламентын дарга зэрэг олон өндөр албан тушаалуудыг хашиж байжээ.
Эх сурвалж: The Guardian