Японд их цас орж, зам хаагдсаны улмаас 130 орчим хүн уулын оройд оршдог сүмд хоногложээ

Япон улсын зарим хэсэгт их хэмжээний цас орж, замууд хаагдсан тул 100 гаруй хүн уулын оройд байрладаг эртний сүмд толгой хоргодохоос өөр аргагүй болжээ.

Баасан гарагт орсон цас Сайтама мужийн Мицүмине сүмийн эргэн тойрны замуудыг хаасан тул 130 орчим хүн тус сүмийн шалан дээр хоноглосныг NHK суваг өчигдөр мэдээлсэн байна.

Орон нутгийн захиргаа тухайн өдөр сүмд зочлон ирээд байсан 50 орчим автомашины зорчигчид ийм байдалд байгааг баталжээ.

Одоогоор тэдний эрүүл мэндэд ямар нэг асуудал тулгараагүй байгаа гэнэ.

Японы олон бүс нутагт одоо цас үргэлжлэн орж байгаа бөгөөд Бямба гарагт зарим хэсэгт цасны зузаан 40 см хүрсэн байна.

Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр сүүлийн 72 цагийн хугацаанд зарим нутагт цасны зузаан 80 см хүрчээ.

Дээр дурдсан Мицүмине сүм байрладаг бүс нутагт цасны зузаан 4 см хүрсэн ч агаарын температур Цельсийн -15 хэм хүрсэн тул замууд мөстөж, автомашин зорчиход аюултай болсон юм байна. Уулын зам дээр хэд хэдэн осол гарсны дараа хөдөлгөөнийг хаажээ.

Чичибү хотын ойролцоо ууланд далайн түвшнээс дээш 1,110 метр өндөрт оршдог Мицүмине сүм нь Шинто шашны алдартай сүм бөгөөд Японы арлуудыг бүтээсэн бурханлаг хос болох Изанами, Изанаги нарт зориулагдсан гэдэг.

Уг сүмийн суурийг нэгдүгээр зуунд эзэн хаан Кэйкогийн хүү, хунтайж Ямато Такерү но Микото тавьж байсан юм байна.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

HLTV: The MongolZ баг “Senzu”-г эгнээндээ нэгтгэх сонирхолтой багуудын саналыг нээлттэй хүлээн авна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн