Physical Asia шоунд оролцсон багийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”-оор шагнав

Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Нетфликсээс зохион байгуулсан “Physical Asia” шоунд Ази тивийн 8 улсын баг тамирчидтай хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж дэд байрт шалгарсан Монголын баг, тамирчдад МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонг Олон Улсын Олимпын Хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” шоунд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.

“Алтан од” одонг спорт, олимпизмыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, Олимпын наадмаас медаль хүртсэн, эх орноо дэлхийд сурталчлан таниулсан хүмүүст олгодог хүндэт шагнал юм.

“Physical Asia” шоунд оролцсон Монголын баг тамирчид нь бие бялдар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараараа онцгой амжилт үзүүлж, цаашид олон улсын спортын тавцанд илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг харуулсан юм.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

More From Author

Ochun Finance автомашины лизингийг 2 цагт

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн