Дэлхийн хамгийн том арал Гринландыг АНУ-ын засаг захиргаа Дани улсаас авч болзошгүй нөхцөл үүсээд буй энэ үед Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр олон улсын анхаарлын төвд ороод буй тус арлын геополитикийн түүхийн тухай бичсэн өгүүллийн үргэлжлэлийг хүргэж байна.
Өмнөхийг энд дарж уншина уу.
Монрогийн номлол нь бөмбөрцгийн баруун хагаст гадаадын хүчний аливаа оролцоог эсэргүүцэн хязгаарлахад суурилсан АНУ-ын гадаад бодлого, байр суурь байсан юм. Европын колоничлогчдын эсрэг чиглэж байсан уг номлол нь Америк тивийн улс орнуудын дотоод улс төрийн хэрэгт гадаадын гүрнүүдийн оролцох аливаа оролдлогыг АНУ-ын эсрэг чиглэсэн, дайсагнасан үйлдэл гэж үзэж байсан явдалд оршиж байв. Энэхүү номлол нь XX зуунд ч АНУ-ын Их стратегийн (Grand Strategy) тулгуур болж иржээ.
АНУ-ын 5 дахь Ерөнхийлөгч Жэймс Монро 1823 оны арванхоёрдугаар сарын 2-нд Конгрессод тавьсан долоо дахь удаагийн Холбооны улсын илтгэлдээ уг номлолыг анх дэвшүүлсэн юм.
АНУ USCGC Northland байлдааны хөлөг онгоцоор Гринланд руу цэрэг буулгаж эзлэх ажиллагааг эхлүүлжээ. Цэрэг газардахын өмнө далайн цэргийн алба хаагчдыг албан ёсоор чөлөөлж, “сайн дурын” хүч болгон бүрдүүлсэн байна. Энэ нь АНУ-ын довтолгоо гэж буруутгахгүй байх хууль ёсны шалтгаан болж байсан, учир нь АНУ төвийг сахисан бодлого явуулж байсан, нөгөө талд Данийн Засгийн газар буулгах ажиллагааг зөвшөөрөөгүй байжээ.
1941 оны дөрөвдүгээр сарын 9-нд Төрийн нарийн бичгийн дарга Корделл Халл ба АНУ дахь Данийн элчин сайд Хенрик Каффманн нар “Гринландын хамгаалалтын тухай гэрээ”-г байгуулжээ. АНУ-ын тал Гринландыг хамгаалах нь Монрогийн номлол, 1940 оны Гаванагийн хуультай нийцнэ гэж мэдэгджээ. Хенрих Каффманн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр үйлдэл хийсэн, Засгийн газар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж Х.Каффманныг дууджээ. Гэвч Каффманн АНУ-д үлдэж, дайны дараа Данийн Засгийн газар түүнийг “сайн урвагч” хэмээн нэрлэж, элчин сайдаар дахин үргэлжлүүлэн ажиллуулжээ.
Дэлхийн II дайны төгсгөлд Дани АНУ-ын цэргүүдийг Гринландаас гарна гэж тооцож байсан боловч АНУ тэндээс гарах бодолгүй байгаагаа илэрхийлэхэд гайхжээ. Дараагийн хэдэн жилд Данийн Засгийн газар АНУ-ыг арлаас гаргахыг оролдож байсан боловч гаргах хүч чадалгүй, мөн аралд АНУ-ын нэвтрэх эрхийг хязгаарлах боломжгүй байсан юм.
1948 оны хавраас Дани АНУ-ыг арлаас гаргах шаардлагаа орхижээ. Данийн Худалдааны сайд Йенс Отто Краг тэмдэглэлдээ бичихдээ “АНУ-ын Гринландын арлын давхар эзлэлт (бид зогсоож чадахгүй) ЗХУ-д миний орон Америкийн түнш мэт харагдах тул, Дани энэ харилцаанаас ашиг олох ёстой” гэжээ.
1946 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Ф.Бирнс Данид Гринландын төлөө 100 сая ам.долларыг (өнөөдрийн ханшаар 1 тэрбум ам. доллар) санал болгосон байна.
1946 онд АНУ-ын Хамтарсан штабын захирлууд Гринланд ба Исландыг Америкийн чухал стратегийн байрлалтай газар гэж нэрлэсэн байна. НАТО байгуулагдаж байх үед эдгээр хоёр арлыг Америк, Канадын хамгаалалтад Баруун Европын зарим орноос илүү чухал гэж үзэж байжээ. Гринланд нь Вашингтон ба Москвагийн хоорондын хамгийн богино Туйлын замын дунд байрладаг гэж үзэх болсон байна.
Сенатч Оуэн Брюстер 1945 оны арваннэгдүгээр сард арлыг худалдаж авах нь цэргийн шаардлага гэж мэдэгдсэн байна. Хамтарсан штабын төлөвлөлт, стратегийн хороо 1946 оны дөрөвдүгээр сард “Данид үнэ цэнэгүй” арлыг авах нь АНУ-д зайлшгүй чухал” гэж дүгнэсэн байна
АНУ-ын Төрийн департаментын нэртэй дипломатч Вильям С.Тримбл хэлэхдээ “Данид Гринландад ямар нэг бодит сонирхол, эдийн засаг, улс төр, санхүүгийн сонирхол багатай. Гэхдээ арлыг эзэмших нь АНУ-д Арктикийг ашиглаж дайсны эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломж олгоно” гэжээ.
Жеймс Ф.Бирнс 1946 оны арванхоёрдугаар сарын 14-нд дээрх 100 сая ам.долларын саналыг Данийн Гадаад хэргийн сайд Густав Расмуссенд АНУ-д айлчлах үеэр нь албан ёсоор хүргүүлжээ.
Жеймс Ф.Бирнс Густав Расмуссенд хэлэхдээ “Арлыг худалдах нь хамгийн цэвэрхэн, сэтгэлд нийцсэн арга байх болно” гэжээ.
Данийн Гадаад хэргийн сайд Густав Расмуссен саналаас татгалзаж, Дани руугаа буцжээ. Тэрбээр АНУ-ын Элчин сайд Жозайя Марвеллд хэлэхдээ “Бид Америкт их өртэй, 70 саяын өртэй ч, Гринландыг өгөх нь зохистой бус” гэжээ.
1947 оны санал нь 1970-аад он хүртэл нууц байсан бөгөөд 1991 онд Данийн Jyllands-Posten сэтгүүл анх мэдээлжээ.
Дэлхийн II дайны дараах Дани Гринландын хамгаалалтыг хангаж чадахгүй байв, учир нь энэ арлын хэмжээ нь Даниас 50 дахин том, мөсөн бүрхүүлтэй арал байсан юм.
1951 оны дөрөвдүгээр сард Дани ба АНУ Гринландын хамгаалалтын гэрээ байгуулжээ. Энэ нь 1941 оны гэрээг орлож, АНУ-д Гринланд дахь цэргийн баазуудыг хадгалах, шаардлагатай бол шинэ бааз эсвэл “хамгаалалтын бүс” байгуулах боломж олгожээ. Америкийн цэрэг эдгээр бүсийг чөлөөтэй ашиглаж, шилжиж хөдөлж болох ч Данийн бүрэн эрхийг зөрчихгүй байх ёстой байв.
Данийн нэгэн судлаач хожим, Хүйтэн дайны үеийн арлын дээрх Данийн бүрэн эрх нь дүр эсгэсэн үзүүлэлттэй, АНУ нь де факто бүрэн эрхийг барьсан гэж бичиж байжээ. BBC 1951 оны гэрээгээр “Үнэндээ АНУ юу хүссэнээ авсан” гэжээ.
1955 онд Хамтарсан штабын захирлууд ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрт Гринландыг худалдаж авахыг санал болгосон байна. Тэд бичихдээ “Бүрэн эрх нь арлын нөөц, баазуудыг шаардлагатай үед цэргийн ашиглалтад өгөх хамгийн бат бөх үндэс юм. АНУ-ын бүрэн эрх Гринланд дээр байгаа нь баазуудын ашиглалтад ямар ч эргэлзээгүй байхыг баталгаажуулна.” гэсэн байв. Гэвч Төрийн департамент хариулахдаа: “Ийм санаа хэрэгжих хугацаа аль хэдийн өнгөрсөн. Гринланд бол Дани улсын чухал хэсэг, Үндсэн хууль болон сэтгэл зүйн хувьд ч салшгүй. Арлыг худалдах оролдлого АНУ-ын хандалтыг эрсдэлд оруулж болох ба зайлшгүй шаардлага биш. Бид бараг юу хүссэнээ хийх эрхтэй” гэжээ.
1951 оны хэлэлцээрийн дагуу 1953 онд Blue Jay нэртэй ажиллагааны хүрээнд АНУ Гринландын хойд хэсэгт Туле агаарын цэргийн бааз байгуулсныг дээр тэмдэглэсэн.
1959 оноос арлыг NORAD-ын бүрэлдэхүүнд авч, Туле бааз 1,000 гаруй Гринландчуудыг ажиллуулж, ойролцоогоор 10,000 Америк цэрэг ажиллаж байжээ. Энэ бааз болон бусад 50 гаруй Америкийн бааз GIUK завсрын бүсийн хоолойд Оросын шумбагчидтай тэмцэх үүрэг гүйцэтгэж байжээ.
Хүйтэн дайны үед Project Iceworm төслийн хүрээнд Гринландын мөсөн доор тив хоорондын 600 ширхэг Minuteman баллистик пуужинг байрлуулах төлөвлөгөөг сүүлд цуцалж байжээ.
1970-аад онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Нельсон Рокфеллер Гринландыг худалдан авч уурхайн зориулалтаар ашиглах саналыг дэвшүүлж байсан юм.
Хүйтэн дайн дууссаны дараа Гринланд дахь АНУ-ын сонирхол огцом буурсан. NORAD-ын радаруудыг орхиж, “Туле бааз АНУ-ын хойд цэгийн бааз, пуужингийн сэрэмжлүүлэг, сансрын хяналттай холбоотой мэдрэгчийн сүлжээтэй” үлджээ.
2004 оноос Туле агаарын цэргийн бааз АНУ-ын цорын ганц бааз болж, хэдэн зуун Америк ажиллаж эхэлсэн байна.
Хүйтэн дайны дараах АНУ-ын Гринланд дахь сонирхолгүй байдал олон Гренландчуудад тааламжгүй санагджээ. 2004 онд хүртэл цаг уурын судалгаа, тэтгэлгийн санхүүжилт төдийгөөр хэмжигдэж байжээ.
Гринландчууд Д.Трампын сонирхлоос үүдэн гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал нэмэгдэнэ гэж найдаж байна. Нийслэл Нуук дахь үл хөдлөх хөрөнгийн нэгэн компани мэдээлэхдээ, жилийн турш жилд нэг, хоёр захиалга авдаг байсан бол Д.Трампын саналын дараа долоо хоногт 10 захиалга авдаг болсон гэжээ.
Зарим гринландчууд ерөнхийлөгч “бидэнд үйлчилсэн, Гринландыг дэлхий даяар мэддэг болгосон. Бидэнд авах боломжтой хамгийн сайн сурталчилгаа” болсон гэжээ. Тэд арлын нисэх онгоцны буудал, зам, АНУ-ын агаарын чиглэлүүдэд хөрөнгө оруулалт, тэтгэлэг эрчимжиж, чингэснээр Гринланд Даниас илүү бие даасан болно гэжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп Гринландад “Trump Tower барихгүй” гэж инээмсэглэн хэлсэн байна.
АНУ-ын сенатч Жон Феттерман “Хүчээр авахыг эсэргүүцэж байгаа ч, Луизиана эсвэл Аляскагийн худалдааны загвараар авах нь боломжтой хэлэлцээ” гэжээ.
Аляскаас сонгогдсон Дан Салливан “Үнэ тохиролцвол худалдаж авна” гэжээ.
Колорадогоос сонгогдсон Жаред Полис “Хэрэв Гринландын иргэд Америкийг сонговол…” гэжээ.
Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх агсан Жон Болтон АНУ-ын Гринландыг нэгтгэх гол зорилгыг дэмжиж байгаа ч, Трампын арга барил нь мэдрэмжгүй, нарийн мэдрэмж шаардлагатай гэж үзжээ.
Гринландын парламентын гишүүн Куно Фенкер хэлэхдээ арлын зорилго нь бие даасан байдал боловч, АНУ ба Данитай ЧХХ хийх боломжтой гэжээ.
Данийн Улаан-Ногоон эвсэл 2023 онд АНУ-ын цэргийг Данийн нутагт байрлуулах гэрээг түр зогсоох хэрэгтэй гэж үзжээ. Гэсэн ч Метте Фредериксенийн Нийгмийн Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч үүнийг эсэргүүцэж, АНУ нь НАТО болон Данийн аюулгүй байдлын хувьд чухал гэж мэдэгдсэн юм.
Данийн Батлан хамгаалахын цэргийн тагнуулын албанд ажиллаж байсан Жейкоб Каарсбо тэрбээр хэлэхдээ: “Трамп Гринландын бие даах хүсэлтийг бүрэн ашиглаж байна. Ирэх сонгуулийн дараа Гринланд Данинаас салж магадгүй нөхцөл байдал харагдаж байна” гэжээ.
2025 оны гуравдугаар сард Мурманск хотноо зохиогдсон Арктикийн олон улсын VI форумд В.Путин үг хэлэхдээ “АНУ-ын Гринландтай холбоотой төлөвлөгөө бол нухацтай авч үзэх сэдэв. Энэ төлөвлөгөө нь түүхэн үндэслэлтэй. АНУ Арктикт геостратегийн, цэрэг-улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо цаашид системтэйгээр хэрэгжүүлэх нь тодорхой” гэсэн юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Арктикийг “манай үндэсний сонирхлын бүс” гэж мэдэгдэж, Гринландын статус-кво-г өөрчлөхийг Орос эсэргүүцэж байгааг илэрхийлэв.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Д.Трампыг Европын Холбооны хилд заналхийлэхээс сэрэмжлүүлэв.
Германы канцлер агсан Олаф Шольц “Х” сүлжээнд бичихдээ “АНУ-ын саяхны мэдэгдлүүдийн талаар сэтгэл зовнилоо илэрхийлж байна” гэсэн байна.
Мөн Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стөре, Шведийн Ерөнхий сайд Улф Кристерссон, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми нар Д.Трампын Засгийн газрын санаархлыг сөргөөр хүлээж авсан байна.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Гринланд дахь АНУ-ын сонирхлыг эергээр үнэлж, учир нь арлыг болон түүний орон нутгийг бие биенээ дахин үнэлэх боломж олгож байна гэсэн юм. Тэрбээр: “Гринландчуудын бие даах хүсэл зөв бөгөөд ойлгомжтой, гэхдээ би арлыг Данийн Хаант Улсад байлгахыг хүсэж байна” гэжээ.
АНУ-ын Агаарын хүчний ерөнхий командлагчийн орлогч агсан генерал Филипп Бридлав хэлэхдээ “Баруун тийш чиглэсэн Гринландыг баталгаажуулах нь маш чухал.” АНУ арлыг эзэмших шаардлагагүй ч, Орос, Хятадын нөлөөлөл нэмэгдэхийг зөвшөөрч болохгүй” гэжээ.
2025 оны гуравдугаар сарын 4-нд Д.Трамп АНУ-ын Конгрессын өмнө үг хэлэхдээ: “Ямар ч аргаар бай, бид Гринландыг авах болно” гэж тов тодорхой мэдэгдсэн юм.
2025 оны гуравдугаар сарын 13-нд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Руттегтэй уулзахдаа Д.Трамп Гринландыг нэгтгэхэд НАТО-тай хамтран ажиллана гэж найдаж байна гэж хэлжээ. М.Рутт хариуд нь “Энэ асуудлыг гадна үлдээхийг хүсэж байна… НАТО-г оролцуулахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн ч Арктикийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шаардлагын үүднээс Д. Трамптай санал нэг байгаагаа илэрхийлжээ.
2025 оны гуравдугаар сарын 28-нд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жеймс Д.Вэнс гэр бүлийн хамт Гринланд дахь Питуфик сансрын бааз дээр зочилж, Гринландад Данийн Засгийн газар маш муу хөрөнгө оруулалт хийсэн гэж шүүмжлэв.
2025 оны арванхоёрдугаар сарын 22-нд Д.Трамп Луизиана мужийн захирагч Жефф Ландрыг тусгай элчээр Гринландыг нэгтгэхээр томилж, тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын үүднээс бидэнд зайлшгүй хэрэгтэй” гэж дахин мэдэгдсэн юм. Гринландын Ерөнхий сайд Женс-Фредерик Нильсен хариуд нь “Гринландын ирээдүйн шийдвэрийг арлынхан гаргана” гэжээ. Энэ байр суурийг Европын холбоо, Франц, Канад дэмжсэн гэжээ.
2026 оны нэгдүгээр сарын 3-нд АНУ Каракасыг бөмбөгдөж, Николас Мадурог баривчилсны дараа Д.Трамп Гринландыг авах хүслээ дахин илэрхийлж, АНУ-д “Гринланд үндэсний аюулгүй байдлын үүднээс зайлшгүй шаардлагатай, өргөн утгаараа НАТО-гийн аюулгүй байдалд ч тустай, газар чухал биш, байршил нэн чухал” гэсэн байна.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен “Гринландыг сүрдүүлэхээ зогсоохыг Д.Трампт уриалж байна. АНУ арлыг хүчээр эзлэх нь НАТО-ын төгсгөл гэсэн үг болно” гэжээ.
2026 оны нэгдүгээр сарын 6-нд Метте Фредериксен болон Франц, Герман, Итали, Польш, Испани, Их Британийн удирдагчид Парист Хамтарсан Мэдэгдэл гаргаж, Д.Трампын Гринландыг эзэмших санааг эсэргүүцсэнээ илэрхийлэв.
Данийн, Финландын, Исландын, Норвегийн, Шведийн Гадаад хэргийн сайд нар мөн Хамтарсан Мэдэгдэл гаргаж, Гринландын асуудлыг арлын өөрсдийн шийдвэрлэх эрх гэж тодорхойлжээ.
2026 оны нэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Конгрессод Төлөөлөгчдийн танхимын гишүүн Энди Оглес Гринландыг АНУ-ын 51 дэх муж болгох, эзэмших эрхийг Засгийн газарт зөвшөөрөх “Гринландыг дахин аугаа болгох” (Make Greenland, Great Again Act) хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. Энэ нь Гринландын газар нутгийг АНУ-д нэгтгэхээс өмнө Конгрессод 60 хоногийн хяналтын хугацаа олгох зохицуулалттай байв. Төсөл өргөн мэдүүлсэн үеийн байдлаар 12 хамтран саналаа өгсөн гишүүнтэй байсан ба АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хороо руу хяналт, үзэл бодлын дүгнэлт авах зориулалтаар шилжүүлсэн байна.
2019 оны наймдугаар сарын 20-ны Wall Street сэтгүүл Гринландыг 533 тэрбум ам.доллароор үнэлсэн бөгөөд Вайоминг мужийг жишээ болгожээ. Тус сэтгүүл “АНУ газар нутгийн стратегийн ач холбогдол, цэргийн хүчийг харуулах зорилгоор хүсвэл 500 тэрбумын үнэлгээ хэт өндөр биш” гэж дүгнэжээ.
1803 онд Францаас Луизианаг 15 сая ам.доллароор худалдан авснаар АНУ-ын газар нутаг бараг 2 дахин нэмэгдсэн ба АНУ-ын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн ашигтай хэлцэл байсан байх бөгөөд 1 км² газрыг 7–8 центээр худалдан авчээ. Энэ нь өнөөгийн геополитикийн логикоор бол “Газар нутгийн бодит худалдан авалтаар гүрэн болсон цөөн жишээний нэг” ажгуу.
Копенхаген их сургуулийн Батлан хамгаалахын судлаач Кристиан Сёбү Кристенсен-ийн үзэж байгаагаар, Дани улс “Гринландыг ганцаараа хэний ч эсрэг хамгаалах боломжгүй” бөгөөд цэргийн хүчин нь “АНУ-ын довтолгоог эсэргүүцэхэд бэлэн биш, бэлтгэгдсэн ч биш байна”. АНУ-ын цэргийн дэмжлэгтэйгээр Гринландыг эзэмших нь “дэлхийн хамгийн богино дайн болох бөгөөд Гринланд хамгаалалтын чадавх байхгүй” гэжээ. Данийн Хаант Улсын Батлан хамгаалах коллежийн профессор Марк Яковсен хэлэхдээ “АНУ практик дээр Гренландыг аль хэдийнээ хяналтдаа авсан” гэж үзсэн байна.
Гринланд арлыг АНУ-д хавсарган нэгтгэхийг (annexation) дэмжихгүй байгаа улс орнуудыг худалдааны өндөр татвараар шийтгэж болзошгүйг ерөнхийлөгч Д. Трамп анхааруулав.
Данийн Хаант Улсын Эрүүгийн хуулийн дагуу Дани улсын бүрэн эрх, Үндсэн хуульт ёсны дэглэмд гаднын оролцоо эсвэл газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хууль бус аргаар өөрчлөх үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдалд халдсан гэдэг заалтаар эрүүгийн хэрэгт тооцдог байна.
Дипломатын түүхэнд түрээсийн дипломаси чухал туршлага буй болгосон билээ. Их Британи ба Чин гүрний хооронд Хонг Конгийн нутаг дэвсгэрийг өргөтгөх тухай конвенцид (Бээжингийн хоёр дахь конвенц хэмээн нэрлэх нь буй) Чин улсын Засаг болон Их Британийн хооронд 1898 оны зургаадугаар сарын 9-нд Бээжин хотноо байгуулсан түрээсийн гэрээнд Их Британийг төлөөлж Бээжин дэх Элчин сайд Сэр Клод Макдональд, харин Чин гүрнийг төлөөлж дипломатч Ли Хунжан нар гарын үсэг зурсан байдаг. Бээжингийн хоёр дахь конвенц гэж нэрлэгддэг уг гэрээгээр Их Британид Хонг Конг арал, хожим “Шинэ нутаг дэвсгэр” (New Territories) хэмээн нэрлэгдэх болсон бүс нутаг болон Шинэ Коулуны хойг, түүнчлэн 235 арлыг багтаасан газар нутгийг 99 жилийн хугацаатай, ямар нэгэн төлбөргүйгээр түрээслүүлсэн юм.
1984 онд “Их Британи болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс–Их Британийн Хамтарсан Тунхаглал”-д Бээжинд гарын үсэг зурсан бөгөөд дурдсан баримт бичигт 1842 оны Нанкины гэрээ болон 1960 оны Бээжингийн конвенц, 1898 оны Бээжингийн хоёр дахь конвенцын дагуу 99 жилээр Их Британид үнэ төлбөргүй түрээсээр шилжүүлсэн Хонг Конг арал болон Boundary Street-ийн өмнөд хэсгийн Коулуны хойгийг хамтад нь 1997 оны долоодугаар сарын 1-нд БНХАУ-д шилжүүлэхээр шийдвэрлэж, уг шилжилт товлосон хугацаандаа амжилттай хэрэгжсэн билээ.
Адил үнэт зүйлтэй холбоотон гүрнүүд хэрүүл сөргөлдөөнөө хойш тавьж, нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, дээрх туршлагыг авч ашиглах боломжтой.
Эдүгээ газрыг худалдаж авдаг эрин үе төгсгөл болж, байршил, нөлөөний хүрээг худалдаж авдаг эрин үе эхэлсэн ажгуу.