Энэ долоо хоногийн Мягмар гарагт (2026.01.20) Дулааны IV цахилгаан станц (ДЦС IV)-ын зуухын гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон.
Үүний улмаас өнөөдрийг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарласаар байгаа юм. Тэгвэл Эрчим хүчний сайд тус станцын үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж, үүсээд буй нөхцөл байдлын байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний яамны ажлын хэсэг хоёр хуваагдаад цахилгааны станцууд дээр ажиллаж байна. Би өнөөдөр Дулааны IV цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний 06:00 цагийн үед ДЦС IV-ийн наймдугаар зуухын халах гадаргуу дээр гэмтэл гарсан. Ослын шалтгааны тодорхойлон засварын ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдүгээр сарын 21-ний 09:45 цагт наймдугаар зуухыг уурын шугамд залгасан.
ДЦС IV-ийн хамт олондоо Эрчим хүчний сайдын зүгээс талархал илэрхийлмээр байна. Урьд нь энэ төрлийн гэмтлийг 35-48 цагийн хугацаанд засдаг байсан бол энэ удаад 29 цагийн хугацаанд засаж, ашиглалтад оруулсан.
Нэгдүгээр сарын 15-наас хойш Улаанбаатар болон Монголын бусад нутгаар агаарын температур огцом хүйтэрсэн. Зөвхөн Монголд ч бус ОХУ-д мөн адил ийм нөхцөл байдал үүссэн байна.
Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд цаг агаарын нөхцөл муудсанаас болж тодорхой хэмжээний хүндрэл гарлаа. ДЦС IV-ийн наймдугаар зуух гэмтэх хугацаанд 100 мВт-ын цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн. Монголын төвийн нэгдсэн сүлжээнд холбоотой байгаа станцуудын 69 зуух, 49 турбо генератор ямар нэгэн нөөцгүйгээр цахилгаан, дулаан үйлдвэрлэж байна. Аль нэг тоноглолд гарсан гэмтлийг засах хугацаанд цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Цахилгааны хязгаарлалт хийж төвөг учруулсандаа иргэдээс уучлал хүсэж байна.
Хоёрдугаарт Бөөрөлжүүт цахилгаан станц 300 мВт-ын хүчин чадалтай бөгөөд нэгдсэн сүлжээнд 260 мВт-ыг нийлүүлэх боломжтой байсан боловч гэмтэл гарсан. Бутлуур зогсож, тэжээгч дээр байгаа нүүрс хөлдөж өнөөдрийн байдлаар 120 мВт-ын хүчин чадалтай явж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Хангайн бүсэд 40 мВт-ын хязгаарлалт хийж байгаа. Нөгөөдрөөс агаарын температур сайжрах төлөвтэй байгаа учраас цахилгааны хязгаарлалт гайгүй болох байх.
Бөөрөлжүүт цахилгаан станц дээрх хөлдсөн нүүрсийг гаргахаар 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрэв Бөөрөлжүүт цахилгаан станц өнөө маргаашдаа хэвийн болбол цахилгааны хязгаарлалт хийхгүй” гэв.
“Иргэд бухимдаж байгаа ийм таатай боломжийг сөрөг хүчний гишүүн ашиглах ёстой”
Үргэлжлүүлэн УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд түүнийг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн талаар тодруулахад “УИХ-ын гишүүн Ө.Шижир намайг болон Т.Доржханд сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн гэх мэдээллийг хэвлэлээс авсан. Би Ө.Шижир гишүүнийг ойлгож байна, нэгдүгээрт залуу гишүүн, хоёрдугаарт цөөнхийн гишүүн. Иргэд бухимдаж байгаа ийм таатай боломжийг сөрөг хүчний гишүүн ашиглах ёстой. Би ч мөн адил сөрөг хүчин байхдаа эрх баригчдыг буруутгадаг байсан.
Ийм боломжийг гаргаж байгаа бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Шаардлагадаа намайг юу ч хийсэнгүй гэж байсан. Шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Доромжлол, гүтгэлэг хуулиар хориотой.
Би 2022 оны наймдугаар сарын 30-наас хойш Эрчим хүчний яамыг толгойлж байгаа, зүгээр суугаагүй. 104 жилийн түүхтэй эрчим хүчний салбар намайг сайд болохоос өмнө төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1,264 мВт-ын эрчим хүчний чадалтай эх үүсвэртэй байна. Үүнээс хойш 600 орчим мВт-ын хүчин чадалтай эх үүсвэрийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбосон.
- Эхнийх нь Бөөрөлжүүт цахилгаан станцын 300 мВт ашиглалтад орсон,
- түүний дараа Дорнодын цахилгаан станцыг 50 мВт-аар өргөтгөсөн,
- Сонгино дэд станц дээр 80 мВт-ын батарей хуримтлуур станцыг ашиглалтад оруулсан,
- Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Багануурт 50 мВт-ын хүчин чадалтай батарей хураагуур,
- Дорноговь аймагт хувийн компани 30 мВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын станцыг ашиглалтад оруулсан.
- 2026 оны нэгдүгээр улиралд Сэлэнгэ аймгийн төвд 70 мВт-ын цахилгаан станцыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбохоор ажил дуусаж байна.
Ингээд бодохоор хүчин чадал 50 орчим хувиар нэмэгдсэн. Гэхдээ үүнийгээ сайн хийсэн гэж магтах зорилго тавьсангүй. Сүүлийн үед юу ч хийсэнгүй гэдэг шүүмжлэл яваад байгаа учраас яръя гэж бодож байна. Ойрын жилүүдэд Төв аймгийн Баян суманд гадаадын хөрөнгө оруулалттай компани 660 мВт-ын дулааны цахилгаан станцыг барьж байна. 2027 оны эхний хагаст 330 мВт-ын эхний блок, 2027 оны хоёрдугаар хагаст багтаагаад хоёрдугаар блок ашиглалтад орно.
Бид 2027 оны наадам гэхэд төвийн бүсийн нэгдсэн сүлжээн дээр хэрэглээгээ бүрэн давна. Үүнээс гадна 2026 оны эхний хагаст багтаагаад Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хажуу талд гадаадын хөрөнгө оруулалттай компани 660 мВт-ын цахилгаан станц бариад эхэлж байна. 2028 оны төгсгөлд төвийн нэгдсэн сүлжээнд холбох төсөөлөлтэй явж байгаа.
2027 оны наадмаас цаашаа дахиад чадлын дутагдалд орж, хязгаарлалт хийх нөхцөл байдал гайгүй болно. Хэрэглээнийхээ өсөлтийг эх үүсвэрийн өсөлт нь даваад урдаа гарна. Дулааны тухайд 2022 оноос хойш Амгалан дулааны станцын өргөтгөлийг хийсэн. ДЦС-5-ын тендерийг зарласан, ойрын хугацаанд ажил эхэлнэ.
Амгалан дулааны станцын цаад талд 2.7 га газар бий, хувийн хэвшил эзэмшиж байгаа. Хувийн хэвшилтэй хэлэлцээр явуулаад нөхөн олговор өгөөд газрыг авч чадвал Амгалан дулааны станцыг дахиад 400 Гкал өргөтгөх тооцоолол бий. Ийм ажил хийгээд байгаа боловч шүүмжлэлд өртөөд байна” гэв.
“Тухайн үед хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх гэхээр ганцаардаад байхаар нь уур хүрээд “салхи л утааны асуудал шийднэ” гэж хэлсэн”
Мөн Улаанбаатар хотын утаа болон түлш эрчим хүчний асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2023 оны зун Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дээр асуудал оруулсан. 177 тэрбум төгрөг гаргачих, одоо байгаа сайжруулсан шахмал түлшийг хагас коксоор орлуулъя, туршиж үзье гэсэн. Тухайн үед намайг өндөр дүнтэй туршилт хийх гэж байна гэсэн шүүмжлэл явсан.
2019 онд шахмал түлшинд шилжсэн. Хэдхэн жилийн өмнө зарим өдрүүдэд урдаа явж байгаа машины дугаар харагдахгүй болтлоо утаатай байсан. Шахмал түлш рүү шилжээд утаа хоёр дахин буурсан. 2019, 2020 онд 360 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2022, 2023 онд 600 мянган тонн түлш хэрэглэдэг болсон.
Намайг Эрчим хүчний сайдаар томилогдох үед утааны асуудлыг тавьдаг, Ерөнхий сайд надад үүрэг өгдөг байсан. Туршиж үзэж байж үйлдвэр барих тухай яръя гэсэн. Сонгуулийн өмнөх жил байсан учраас улс төржөөд тухайн асуудлыг зогсоосон.
2025-2026 оны улиралд Тавантолгой түлш компанийг Нийслэл рүү шилжүүлсэн. Х.Нямбаатар засаг дарга нэлээд хүндрэлийн үед хагас кокс түлшийг түлж үзэж байна. Халаалтын улирал арай дуусаагүй байгаа энэ үед Цагаан сар дууссаны дараа Улаанбаатар хотын утаа буурсан эсэхийг санал асуулгаар шийдэх ёстой.
Би салхи гарахгүй бол утаа буурахгүй байна гэж олон нийтэд хэлээд шүүмжлэл дагуулсан. Яагаад гэвэл тухайн үед 177 тэрбум төгрөг гаргаад хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлж үзэх гэхээр ганцаардаад болохгүй байхаар нь уур хүрээд “түлшээ солихгүй бол салхи л утааны асуудал шийднэ” гэж хэлсэн. Би олон нийтийн анхааралд оруулах гээд албаар ярьсан. Зүгээр суугаад шүүмжлээд байх хэцүү, хийгээд оролдоод үзье гэсэн.
Төв аймгийн Баянжаргал, Баян сум, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумыг дагуулаад 10 тэрбум тонны нөөцтэй хүрэн нүүрсний 7-8 орд бий. Үүн дээр хувийн салбарууд дулааны цахилгаан станц барьж болно. Цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд Багахангай орчимд 500 киловольтын дэд станц, Сонгино дэд станцын хажууд 500 киловольтын дэд станц, Ургах наран хорооллын хажууд 500 киловольтын дэд станц татаж ирэх ёстой. Энэ ажлыг хийвэл Улаанбаатар хот руу 2,000 мегаваттын цахилгаан эрчим хүч оруулж ирэх бололцоо байна.
Дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөлд хоёр тэрбум ам.доллар шаардлагатай. Засгийн газар баталгаа гаргавал гадаадын банкууд санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн” хэмээн ярилаа.