Трамп гар нь яагаад хөхөрснийг ширээ цохисон болон аспирин их хэрэглэсэнтэй холбон тайлбарлажээ

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаран дээр урьд өмнө үзэгдэж байгаагүй хөхрөлтийн толбо ажиглагдсан талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш баруун гарынхаа ард талд байнга хөхрөлттэй явах болсон. Үүнийгээ ихэвчлэн нүүрний будаг болон шархны наалтаар нуудаг байлаа.

Цагаан ордон үүнийг нь хэт олон хүнтэй гар барьдаг, бас цусаа шингэлэхийн тулд аспирин уудагтай холбон тайлбарлаж байв.

Харин Пүрэв гарагт Швейцарын Давост болсон арга хэмжээний үеэр түүний зүүн гар дээр анх удаа ижил шинж тэмдэг ажиглагдсан байна.

Өчигдөр АНУ руу буцах замд онгоцонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп үүнийгээ тайлбарлажээ.

“Би ширээ цохичихсон юм” гэж тайлбарлаад “Хэрвээ та нар зүрхэндээ хайртай бол аспирин уугаарай. Гэхдээ бага хэмжээний хөхрөлт үүсгэмээргүй байгаа бол уух хэрэггүй гэж би зөвлөмөөр байна” гэж тэр нэмж хэлсэн юм.

Аспирины хэрэглээний улмаас хүний арьс эмзэг болж, янз бүрийн шалтгаанаар амархан хөхөрдөг гэсэн энэ тайлбарыг Цагаан ордон бас өмнө нь хэлж байсан юм.

Сүүлийн саруудад Трампын өндөр настай холбоотой эрүүл мэндийн асуудлын талаар дуулиан тасрахгүй байгаа. Түүний гар байнга хөхрөх болсноос гадна хөлийн шагай нь хавдаж, арга хэмжээний үеэр нойрмоглох нь нэмэгдсэн.

Өнгөрсөн зун Цагаан ордон хөлийн хавагналыг нь венийн архаг дутагдлын шинж тэмдэг гэж тайлбарлаж байлаа.

Трамп бас өнгөрсөн онд төлөвлөгөөт үзлэгээс гадуур эмнэлэгт хандсан нь түүний эрүүл мэндтэй холбоотой дуулианыг эрчимжүүлсэн юм.

Үүнээс хойш хэдэн долоо хоногийн дараа Трампын эмч MRI дүрс оношилгоо ерөнхийлөгчийн эрүүл мэнд “маш сайн” байгааг харуулсан тухай мэдээлж байв.

 

Эх сурвалж: AFP

 

More From Author

“One Championship” холбооны холимог тулаанч Б.Бат-Очир гурав дахь ялалтаа байгуулав

Германы хэвлэлүүд АНУ-ын хил хамгаалалтын албан тушаалтны “Нацист” хэв маягийг онцлов

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн