Британийн арлууд болон Норвеги, Дани, Нидерланд улсуудын дунд оршдог Умард тэнгисийн ёроолын асар том тогоо юунаас гаралтай тал дээр эрдэмтэд тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй байсан юм.
Тэгвэл олон жил үргэлжилсэн энэ маргаанд цэг тавих дүгнэлтийг хэсэг судлаачид танилцуулжээ.
Тэнгисийн ёроолоос доош 700 метрийн гүнд байрладаг Silverpit нэртэй энэ тогоо 43 сая жилийн өмнө дэлхийд сансраас унасан Йорк Минстер цогчин дуганы хэмжээтэй астероид, эсвэл сүүлт одны мөргөлтөөс үүссэн гэж дүгнэсэн байна.
160 метр өргөн уг биетийн мөргөлтийн улмаас тухайн үед 100 метрийн өндөр цүнами давлагаа үүсэж байсан гэнэ.
Энэ нь тухайн бүс нутагт амьдарч байсан эрт үеийн хөхтөн амьтдын хувьд үхлийн цохилт болсон ч 66 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн астероидын цохилттой харьцуулахад бага нөлөө үзүүлжээ.
10-15 км өргөн хэмжээтэй астероид дэлхийд унахдаа өнөөгийн Мексикийн нутагт оршдог Чиксулуб тогоог үүсгэсэн бөгөөд үүний улмаас тухайн үед дэлхийн бүх ургамал, амьтны 75 хувь устсан гэдэг.
Гэсэн хэдий ч Их Британийн харьяа тэнгисийн хэсэгт оршдог Silverpit тогоог судлах нь шинжлэх ухааны хувьд өндөр ач холбогдолтой хэвээр юм.


Судалгааг ахалсан Эдинбургийн Хэриот-Ватт Их сургуулийн тунадас судлаач Уисдиан Николсон газар хөдлөлтийн шинэ дүрслэл тэдэнд тогооны талаар урьд өмнө мэдэгдээгүй олон баримт өгснийг онцолжээ.
20 км орчим өргөн тойрог хэлбэрийн хагарлаар хүрээлэгдсэн 3 км өргөн тогоог 2002 онд газрын тосны хайгуулчид анх илрүүлж байсан юм.
Эхэндээ тогоог 60-аас дээш сая жилийн настай гэж таамаглаж байжээ.
Гэхдээ эрдэмтдийн ихэнх нь астероидын нөлөөнөөс биш, тэнгисийн ёроолын гүн дэх давсны чулуулгийн шилжилт хөдөлгөөнөөс үүссэн гэж үзэж байв.
Тухайн үед энэ онолыг дэвшүүлж байсан Эдинбургийн Их сургуулийн геологийн профессор Жон Андерхилл “Би өнөөдөр өөрийгөө хурим найр үймүүлэгч мэт төсөөлж байна. Энэ надад тийм ч таатай үр дүн биш, гэхдээ шинжлэх ухаан баталж байхад яах билээ” гэж сүүлийн нээлтийн талаар ярьжээ.
Сүүлийн судалгааг ахалсан Николсон 2009 онд Геологийн Нийгэмлэгт болсон мэтгэлцээнийг дурссан байна.
“Би тухайн үед докторантурт сурч байлаа. Томоохон мэтгэлцээн болсны эцэст санал хурааж байсан. Эрдэмтдийн ихэнх нь гаднын биетийн нөлөөний тухай онолын эсрэг саналтай байлаа” гэж ярьжээ.
Санал хураалтад астероидын онол 80:20 харьцаатай ялагдаж байсан байна.
Их Британийн Байгаль Орчны Судалгааны Зөвлөлөөс санхүүжсэн Николсоны баг газар хөдлөлтийн дүрслэл, чулуулгийн зүслэгийн микроскопын шинжилгээ, тоон загварчлал зэрэг орчин үеийн технологиудыг ашигласны үр дүнд Silverpit тогоо сансрын биетийн нөлөөгөөр үүссэнийг баталжээ.
“Бид энэ нээлтийг ашиглан астероидын мөргөлт манай гарагийн түүхэнд хэрхэн нөлөөлснийг ойлгоод зогсохгүй цаашдаа ийм зүйл тохиолдвол юу болохыг урьдчилан таамаглаж болох юм” гэж Николсон судалгааны ач холбогдлоо тайлбарласан байна.
Астероидын мөргөлтийн ихэнх тохиолдол хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдээгүй өнгөрсөн байдаг. Дэлхийн бөмбөрцгийн тектоник хөдөлгөөн, элэгдэл тэдгээрийн ихэнхийн ул мөрийг устгадаг байна.
“Ойролцоогоор 200 орчим мөргөлтөөс үүссэн тогоо хуурай газарт, зөвхөн 33 нь далай тэнгисийн ёроолоос илэрсэн байдаг” гэж Николсон хэлжээ.
Түүний багийн судалгааны ажлын тайлан “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Эх сурвалж: The Guardian