Зүүн Африкийн Кени улсын цагдаа нар иргэдийг нь хуурамч ажлын саналаар Украины эсрэг Оросын талд тулалдуулахаар илгээдэг хүний наймааны сүлжээг илрүүлжээ.
Тус улсын тагнуулын байгууллагын өгсөн мэдээллийн дагуу Лхагва гарагт нийслэл Найроби хотын захад байрлах орон сууцанд явуулсан ажиллагааны үеэр ийм залиланд өртсөн 20 гаруй хүнийг чөлөөлж, хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг хураасан байна.
Мөн ес, аравдугаар саруудад хохирогчдыг ОХУ-д илгээх ажлыг зохион байгуулж байсан гэх нэг сэжигтнийг баривчилжээ.
Саяхан Оросын талд тулалдаж байсан Кенийн залуу тамирчин Украины цэргүүдэд олзлогдсон тухай мэдээ цацагдаж байв.
Аюулаас хамгаалах байгууллагуудын хамтарсан ажиллагаа явуулсан байранд Орос руу явах ээлжээ хүлээсэн 22 хүн байрлаж байжээ.
Хохирогчид нэр үл мэдэгдэх гадаадын зуучлагчтай гэрээ байгуулж, виз, аялал, байрны зардалд нийтдээ $18,000 хүртэл мөнгө төлөх үүрэг хүлээдэг байсныг цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Ийм шугамаар гадаадад ажиллахаар явсан хүмүүсийн зарим нь буцаж ирдэггүй, эсвэл тахир дутуу болсон, сэтгэл зүйн гүн цочролд орсон байдалтай буцаж ирдэг байжээ.
Саяхан буцаж ирсэн Кенийн хоёр иргэний нэг нь одоо эмнэлэгт эмчлүүлж байгааг цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Сомали, Сьерра Леон, Того, Куба, Шри Ланка зэрэг улсуудын иргэд хоригдож байгааг Украины олзны хүмүүсийн асуудал хариуцсан байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Петро Яценко саяхан хэвлэлд ярьж байжээ.
“Гэвч Африкийн ихэнх улс орнуудын хувьд өөрийн иргэдийг буцааж авах хүсэл сонирхол тун бага байна” гэж тэр энэ үеэр ярьсан юм.
Эх сурвалж: BBC