“Өмнөх дарга нь дараагийн даргаа УДШ-д бүртгүүлдэг журмын дагуу Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг бүртгүүлнэ”

Монгол Ардын Намын /МАН/ Бага хурлын VIII хуралдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн. 

Тус хурлаас Бага хурлын гишүүдийг чөлөөлж, нөхөн томилох, намын даргыг сонгох, 31 дүгээр Их хурлын товыг тогтох гэдэг гурван асуудлыг хэлэлцэн шийдэхээр тогтсон. Энэ дагуу Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, тэдний оронд мөн тооны гишүүнийг шинээр томилсон байна. Мөн МАН-ын 31 дүгээр Их хурлыг 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд хуралдуулж, нийслэл болон орон нутгаас нийт 2,255 төлөөлөгч оролцуулахаар тогтжээ. Бага хурлаар хэлэлцсэн гурван асуудлыг хоёр нь ийнхүү шийдэгдсэн бол намын даргын сонгууль маргаан дагуулсаар байна. 

Намын даргын сонгуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын даргыг удирдах төв байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурлаас сонгоно гэж заасан байдаг.

Бага хурлаар Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар намын даргад өрсөлдөж, Д.Амарбаясгалан 56 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авсан. Тэдний хэн нь ч гуравны хоёр буюу Бага хуралд оролцсон гишүүдийн 66 хувийн саналыг авч чадаагүй.

Ингээд тооллогын комиссын баталсан журмыг үндэслэж хоёр дахь санал хураалтыг явуулсан. Эхний санал хураалтын дараа хурлын ирцийг шинэчилсэн. Ингэхэд 321 гишүүн бүртгэгдсэн буюу МАН-ын Бага хурлын 479 гишүүний гуравны хоёроор Бага хурлын ирц бүрддэг. Энэ шаардлагын давсан ирцтэй байсан учраас 321 гишүүн санал хураалтад оролцож, 46 саналын хуудас хүчингүйд тооцогдож, 87.67 хувийн саналаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдсон.

Хуулийн дагуу сонгосон даргын нэрийг холбогдох материалын хамт 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Журамд өмнөх дарга нь хүргүүлнэ гэж заасны дагуу ажлаа өгсөн Л.Оюун-Эрдэнэ дараагийн даргаа бүртгүүлэх юм. Ингээд УДШ хүлээн авсан материалаа 30 хоногийн хугацаанд нягтлаад, хэлэлцэн шийдвэрлэнэ. Намын дүрмийг бүртгүүлэх явц мөн адил.

Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна” хэмээн мэдэгдсэн юм. 

More From Author

Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын ажлыг гацаасан газрыг чөлөөлжээ

Хууль зүйн салбарын төсвөөс хэмнэх гэж байгаа нь хүний эрхийг хангах, хамгаалахад сөргөөр нөлөөлөхийг гишүүд анхааруулав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн