“Өнгөөр урласан нөхөрлөл” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв (МХУБТ)-ийн “ОРД” арт галерейд нээлтээ хийв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам (ЭСЯ), МХУБТ хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд уран зураг, гар урлал, монгол уран бичлэг, хятад ханз уран бичлэг гэсэн дөрвөн төрөлд 6-аас 18 насны хүүхдүүд бүтээлээ ирүүлжээ.
Монгол, Хятадын нөхөрлөл, өв соёлыг хүүхдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой уг үзэсгэлэнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-оос хүүхдүүд бүтээлээ илгээсэн байна.
Нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, МХУБТ-ийн захирал Д.Уранбилэг тэргүүтэй зочид оролцлоо.
“Хоёр орны соёлыг харуулсан үзэсгэлэнг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна”


Үзэсгэлэнгийн талаар МХУБТ-ийн захирал Д.Уранбилэг “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойн хүрээнд анх удаа БНХАУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран үзэсгэлэн гаргалаа. Цаашид уг үзэсгэлэнг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Манай төв өмнө нь Монгол, Японы соёлын наадам зохион байгуулсан. Ирэх арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамтай хамтран үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажилдаа орсон” гэв.


Нийт 1,400 гаруй бүтээлээс шилдгийн шилдгээр тодорч, гранпри шагналыг 31 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч Э.Пүрэвжаргал хүртлээ. Тэрбээр гар урлалын төрлийн сүрлэн наамлаар гранпри шагнал авч буй анхны оролцогч болсныг зохион байгуулагчид онцоллоо.
Уг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүд тус төвийн “Орд” арт галерейд 14 хоног дэлгэгдэх аж.