Эрчим хүчний гудамжны 1.3 километр авто замыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр 13:00 цагт нээжээ.
Тодруулбал Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг долоон метрийн өргөнтэй хоёр эгнээ авто замыг 14 метр өргөнтэй дөрвөн эгнээ болгон шинэчилж буй. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 километр авто замыг асфальт бетоноор хучиж дууссан байна. 1.3 км авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд хаасан юм. Авто замын өргөтгөлийг энэ сард дуусгахаар төлөвлөжээ.
Энэ тухай Нийслэлийн Замын хөгжлийн газрын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг “Үүнээс өмнө 3.9 километр авто замыг хучиж, хөдөлгөөнийг нээсэн юм. Одоо үлдсэн 700 метр авто замыг энэ сарын 15-ны дотор шинэчилж дуусгана. Тус авто замыг шинэчлэхдээ дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх, цахилгааны агаарын шугамыг хүчитгэх, кабель шугам шилжүүлэх, холбооны шугам шилжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажлыг аравдугаар сарын 31-нд дуусгана” гэлээ.
Уг авто замын өргөтгөл, их засварын ажлын төсөвт өртөг 18.4 тэрбум төгрөг байна.