ФОТО: БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр манай улсад айлчилж, сумны үйлдвэрийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр өнөөдөр Монгол Улсад айлчилж байна. 

Айлчлалын хүрээнд талууд уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад байгуулагдсан бага оврын сумны үйлдвэрийн нээлтэд оролцлоо. 

Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэрийг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд төрийн Хүндэт харуул болон Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээж авснаар айлчлал эхэлсэн байна.

Үргэлжлүүлэн талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут эрхэм сайд Яшар Гүлэр болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох завшаан тохиолдож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Хоёр тал Монгол, Туркийн харилцаа түүхэн уламжлал, соёлын гүн холбоонд тулгуурласан стратегийн түншлэл болж өргөжсөнийг тэмдэглэж, цаашид батлан хамгаалах, цэргийн боловсрол, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр хоёр талын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд сумны бэсрэг үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулж буйд хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.

Цаашид, Түрэг судлалын хүрээнд явуулж буй археологийн судалгааг өргөжүүлж, монгол цэргийн түүх, өв соёлыг хамтран судлах, эрүүл мэндийн салбарын туршлага солилцох, цэргийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад хоёр тал санал нэгдэв.

Мөн талууд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цаашид ч хувь нэмрээ оруулах болно гэдгийг сайд Д.Батлут тэмдэглэв.

Түүнчлэн Монгол улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын хүрээнд зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын сургуульд Турк улс сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглэж,  энэхүү хамтын ажиллагаагаа цаашид тогтвортой явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлсэн юм.  

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, найрсаг харилцааг ирээдүйд улам бататган хөгжүүлэх итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

ФОТО: 

More From Author

AI-аар үүсгэсэн хуурамч вэбсайтаас сэргийлээрэй!

Санчир гарагийн дагуул дээр амьдрал үүсэхэд шаардлагатай бүх элемент байгааг тогтоожээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн