Санчир гарагийн дагуул дээр амьдрал үүсэхэд шаардлагатай бүх элемент байгааг тогтоожээ

Санчир гарагийн дагуул Энселадусын мөсөн бүрхүүл дор амьдрал үүсэхэд шаардлагатай бүх органик молекулууд хадгалагдаж байгаа гэх дүгнэлтийг хэсэг судлаачид энэ долоо хоногт танилцуулжээ.

Наранд ойрхон зайгаараа зургаа дугаарт бичигддэг Санчир гарагийг хэдэн зуун дагуул (сар) тойрон эргэлдэж байдгийн нэг бол ердөө 500 км өргөн, мөсөөр бүрэн хучигдсан Энселадус юм.

Эрдэмтэд энэ дагуулыг нарнаас хэтэрхий хол тул амьдрал үүсэх хэмжээний дулаан биш гэж олон жилийн өмнөөс үздэг байв.

Харин 2004-2017 онуудад Санчир гарагийг судалсан Cassini сансрын хөлөг Энселадусын ойрхон хэд хэдэн удаа нисэж өнгөрөхдөө түүний олон километрийн зузаан мөсөн бүрхүүл дор давслаг устай асар том далай нуугдаж байгааг олж тогтоосон юм.

Уг далайд амьдрал оршин тогтноход шаардлагатай давс, метан, нүүрстөрөгчийн давхар исэл, фосфор зэрэг элементүүд байгааг мөн тогтоосон байна.

Энселадусын өмнөд туйлын ойролцоо нисэж өнгөрөхдөө Cassini мөсөн бүрхүүлийн хагарлаар ус урсаж байгааг илрүүлжээ.

Энэ урсгал нь элсний ширхгээс ч жижиг хэмжээтэй мөсөн бөмбөлгүүдийг сансрын уудамд цацаж байсан байна.

Эдгээрийн зарим нь буцаад Энселадусын мөсөн бүрхүүл дээр унаж, зарим нь Санчир гарагийг тойрсон олон цагаргуудын нэг дээр хуримтлагдаж байжээ.

Cassini хөлөг Санчир гарагийн хамгийн гадна талын “E” цагаргийн дэргэдүүр өнгөрөх бүрдээ Энселадусын дээжийг илрүүлж байсан тухай судалгааг ахалсан Берлиний Чөлөөт Их сургуулийн од эрхэс судлаач Нозайр Хаважа мэдэгдсэн байна.

Түүний баг дээрх дээжүүдийг судлаад олон тооны органик молекулууд, тэр дундаа амьдралын суурь бүтэц болох амин хүчлүүдийн урьтал бодисуудыг илрүүлжээ.

Эхэндээ судлаачид ийм дээж нь Санчирын цагариг дээр олон зуун жил хуримтлагдахдаа гаднын нөлөөнд орсон байж магадгүй гэж үзсэн байна.

Тиймээс илүү “залуу” дээж авч судлахыг зорьж байжээ. Азаар ийм мөсөн бөмбөлгүүдийг тэд цуглуулж чадсан байна.

Тухайлбал 2008 онд Cassini хөлөг Энселадусын дээж цацаж байгаа  хэсэгт шууд ойртох үеэр хөлгийн Cosmic Dust Analyser төхөөрөмжийг секундэд 18 км хурдтай мөсөн бөмбөлгүүд мөргөж байжээ.

Эндээс цуглуулсан дээжийн бүтцийг нарийвчлан судлахад олон жилийг зарцуулсны эцэст үр дүн нь энэ долоо хоногийн “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгджээ.

“Санчир гарагийн E цагаригт Cassini хөлгийн илрүүлсэн органик молекулууд нь зөвхөн сансрын уудамд удаан хугацаанд байсны үр дүн биш, Энселадусын далайд бэлэн байсныг тогтоолоо” гэж судалгааны хамтрагч Фрэнк Постбэрг мэдэгдсэн байна.

Сүүлийн үеийн хиймэл оюунд суурилсан технологи хуучин мэдээлэлд дахин илүү нарийвчилсан шинжилгээ хийх боломж олгосныг тэр онцолжээ.

Гэхдээ дээрх онолыг улам баталгаажуулахын тулд Энселадус дээр судалгааны станц буулгах ёстой гэж судлаачид үзэж байна.

Одоо Европын Сансрын Агентлаг ийм станц илгээх боломжийг судалж байгаа ажээ.

“Энселадус дээр амьдрал олдохгүй байсан ч энэ нь маш том нээлт байх болно. Учир нь ийм тохиромжтой орчинд яагаад амьдрал үүсэж чадаагүй нь маш чухал асуулт юм” гэж Хаважа тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: AFP

 

More From Author

ФОТО: БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр манай улсад айлчилж, сумны үйлдвэрийн нээлтэд оролцлоо

Усны хомсдолд орсон Тегеранаас нийслэлээ нүүлгэх ёстой гэж Ираны ерөнхийлөгч үзэж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн