Усны хомсдолд орсон Тегеранаас нийслэлээ нүүлгэх ёстой гэж Ираны ерөнхийлөгч үзэж байна

Хүн амын хэт тэлэлт, усны ноцтой хомсдол, хөрсний суулт зэрэг өсөн нэмэгдэж буй аюул заналын улмаас Иран улс нийслэлээ Тегеранаас өмнө зүгт нүүлгэн шилжүүлэх ёстой гэж тус улсын ерөнхийлөгч мэдэгджээ.

Ерөнхийлөгч Масуд Пезешкян энэ саналаа өнгөрсөн онд тус улсын шашны дээд удирдагч Аятолла Али Хаменид тавьж байснаа Пүрэв гарагт Персийн булангийн Хормозган мужид ажиллах үеэрээ ярьсан байна.

Хэдийгээр санал нь маш их шүүмжлэл дагуулсан ч хуримтлагдаж буй асуудал ноцтой хэмжээнд хүрсэн тул хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг тэр тайлбарлажээ.

“Энэ муж бол Персийн буланд оршдог, далайд гарцтай тул эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх боломжтой нутаг. Хэрвээ бид энэ боломжийг өөрөөр харж чадвал маш том хөгжил дэвшлийг бий болгоно. Одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, ирээдүйг харсан шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв төлөвлөлт хийх хэрэгтэй. Улс орны өнөөгийн тулгамдсан асуудал биднээс хөгжлийн замыг Персийн булан руу чиглүүлэхийг шаардаж байна. Тегеран, Караж, Казвин зэрэг хотууд одоо усны ноцтой хомсдолтой тулгараад байгаа бөгөөд үүнийг амархан шийдвэрлэх боломжгүй” гэж Пезешкян хэлсэн байна.

Тегеран хот 10 сая гаруй оршин суугчтай болж, Ираны усны нийт хэрэглээний бараг дөрөвний нэгийг эзэлдэг болжээ.

Тус улсын өмнөх ерөнхийлөгч нар бас нийслэл хотыг нүүлгэх санаа гаргаж байсны дотор Хасан Рухани бүр төлөвлөгөө боловсруулан танилцуулж байсан юм.

“Өнгөрсөн онд хур тунадасны хэмжээ 140 мм байлаа. Стандарт нь 260 мм байх ёстой юм. Өөрөөр хэлбэл хур тунадасны хэмжээ 50-60 хувиар багассан байна. Энэ жил нөхцөл байдал бүр хүнд байна” гэж Пезешкян хэлжээ.

Зарим судлаачид энэ оны хур тунадасны хэмжээг 100 мм хүрэхгүй гэж үзэж байна.

“Далангуудын усны нөөц дундарч, худгууд ширгэж, бусад бүс нутгаас ус зөөвөрлөх зардал өндөр байгаа нь биднээс арга барилаа өөрчлөхийг шаардаж байна. Хэрвээ бид эндээс Тегеран руу ус зөөвөрлөвөл нэг шоо метрийн өртөг 4 евро болохоор байна” гэж ерөнхийлөгч ярьжээ.

Тегеран хотын усны хэрэгцээний 70 хувийг нөөцийн далангууд, 30 хувийг газар доорх нөөцөөс хангадаг байна.

Гэвч хур тунадас багасаж, хэт халалтын улмаас ууршилт нэмэгдсэн нь далангуудыг дундруулж, гүний усыг шавхах болжээ.

“Зарим газрын хөрс жилд 30 см хүртэл сууж байна. Энэ бол бидний хөл доорх ус шавхагдаж байгаагийн илрэл юм” гэж Пезешкян анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

More From Author

Санчир гарагийн дагуул дээр амьдрал үүсэхэд шаардлагатай бүх элемент байгааг тогтоожээ

“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн