Эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж Сүхбаатарын талбайд өнөөдөр суулт зарлав.
Тодруулбал эмч ажилтнууд цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, “Эрүүл мэндийн салбарын ажилчдын зөв шинэчлэлийн төлөө” гэх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан юм.
Тэдний зүгээс “Улсын дундаж цалин ойролцоогоор 2.4 сая төгрөг байна.
Эмч ажилчдын цалинг 3.5 саяд хүргэх шаардлагыг тавьж байгаа. Ингэж чадвал эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ.
Аравдугаар сарын 9-нд төв талбайд 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх эмнэлгийг хамарсан 10,000 гаруй хүний жагсаалыг зохион байгуулна.
Салбарын шинэчлэлийнхээ төлөө хамтдаа тэмцэхээс өөр арга алга” гэдгийг хэлж байв.
Мөн “Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлс маш доогуур үнэлэгдэж байна.
Сантехникч, мужаанууд маань өндөр цалинтай барилга болон уул уурхайн салбар руу цалингаа голоод явчихдаг.
Эрүүл мэндийн салбарын арын албанд ажиллах хүн хүч дутагдалтай болж байна.Бараа бүтээгдэхүүний үнэ, инфляц өссөн энэ үе ийм хэмжээний цалингаар амьдрахад бэрх.
Иймд эрүүл мэндийн 2026 оны улсын төсөвт тавьсан барилга байгууламж барих 1.3 их наяд төгрөгийг энэ жилдээ зогсоож, эрүүл мэндийн салбарынхны цалин хангамжийг нэмэгдүүлэхийг шаардаж байна.
2027 ондоо байшин барилгаа бариад энэ жилдээ эрүүл мэндийн салбарынхны цалин хангамжийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа.
Эрүүл мэндийн салбарт 1.3 их наядын хөрөнгө оруулалтыг ирэх онд хийнэ гэдгийг Сангийн сайд тайлбарласан. Хавдрын эмнэлэг, зүрх судасны төв, 21 аймгийн яаралтай тусламж болон бусад тоног төхөөрөмжийн тусгажээ.
Эдгээр тоног төхөөрөмж, байшин барилга дээр бид ажиллаж болж байна. Хамгийн гол нь дотор нь орж ажиллах хүн хүчиндээ анхаараач ээ” хэмээн Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл хэлэв.