Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээсэн тохиолдолд иргэнийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ААН, хуулийн этгээдийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Нэг нэгж 1000 төгрөгөөр тооцогддог учраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд малаа нэвтрүүлсэн иргэн нэг сая төгрөг, хуулийн этгээд 10 сая төгрөгийн торгуультай. Хуулийг иргэд, төрийн захиргааны байгууллага аль аль талаасаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Хотын төвийн зургаан дүүрэг, ялангуяа Богдхан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мал нэвтэрсэн зөрчлүүд гараад байгаа. Хуулиар хүлээсэн үүргээ дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн харьяа газар, агентлагууд хэрэгжүүлэх нь зүйтэй байна” гэв.
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа нэвтрүүлж байгаа нь хотын эко систем, ногоон байгууламжийг сүйтгээд зогсохгүй мал амьтны гоц халдварт өвчин үүсгэх, олон нийтийг хамарсан өвчлөл тараах эрсдэл ихтэй байна.
Тухайлбал өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Шар хоолойн ам Дунд төгөл гэх газарт шүлхий өвчин гарч, долоодугаар сарын 10-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл нэг сарын хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Гоц халдварт өвчин гарсан тухайн хэсэг нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс байсан. Гэтэл хуулийн хэрэгжилт сул, хууль журмыг мөрдөөгүйн улмаас өвчлөл гарч, хязгаарлалт тогтоож, тухайн бүсэд оршин сууж байгаа 500 гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж, Баянзүрх дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 165 сая төгрөгийн төгрөгийн хөрөнгө гарган хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ.